

Малайз улсын иргэн Г.Жаяамараны гэр бүл Монголын нэгэн хот

Тэрбээр “Амега глобал” хэмээх эрүүл мэндийн бүтээгдэхүүний олон улсын байгууллагын Монгол дахь салбарт ажилладаг. Түүнээс гадна Малайз хоолны “Азийн гал тогоо”/Asian Kitchen/ хэмээх зоогийн газрыг Дархан хот, Оросын Якут хотод тус тус ажиллуулдаг байна. 1992 оноос хойш Монголд ирэх болсон Жаяамаран анх Монголын төрийн ордонд зөөврийн компьютер нийлүүлэх ажлыг эрхэлж байжээ. Мөн техник үйлчилгээ, сургалт заадаг байсан аж.
Түүнээс хойш Төрийн бус байгууллагын салбарт орж Монголын хөгжлийн төв хэмээх олон нийтийн байгууллагыг удирдан ажиллаж байв. Хотын захад улаан лооль, шиш, шош, бууцай/спинач/ тариалж, эрүүл хооллолтыг дэмжих үйл ажиллагаа эрхэлжээ. Энэ төсөл дээр найман жил ажилласны дараа “Монголын альтернатив төв”-ийг байгуулан мал аж ахуй, уламжлалт маллагааг сонирхон ажилласан байна. Монгол гэрт амьдарч, малаа даган нүүдэллэж амьдардаг малчдыг дэмжиж, бизнес эрхлэгч болгон чадваржуулахыг зорьжээ.

Жаяамаран ийнхүү монгол малчидтай цагийг өнгөрөөж, хэл соёлыг суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 1996 онд Жаяамаран Д.Эрдэнэбилэг хэмээх монгол бүсгүйтэй гэрлэж, одоо 15, есөн настай хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч байгаа. Гэхдээ түүний хүүхдүүдэд зарим бэрхшээл тулгардаг. Арьсны өнгөнөөс нь болж үеийнхэн нь тэднийг гоочилдог гэнэ. Аз болоход тэд удалгүй Жаяамараны хүүхдүүдийг бусадтай л ижил гэдгийг ойлгожээ.
Гэргий нь эхэндээ Жаяамаранаас “Яагаад Малайз руу явахгүй гэж?” хэмээн асуудаг байж. Түүний хариулт нь “Бид эндээ байсан нь дээр” гэсэн өгүүлбэр байжээ. 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралд Монгол ч бас өртөх үед мөн л Монголд байх гэсэн сонголтыг өөртөө хэлж байсан гэнэ. Одоо эхнэр маань бид энд байгаад баярладаг байх гэж Жаяамаран хэллээ.
Дархан хот бол түүний мэндэлсэн Рантау хотоос ялгарах зүйл бараг үгүй. Нийслэлээсээ төдий л хол биш, жижиг, нам гүм, хүн ам багатай. Нэг л өдөр тэрбээр гэр бүлээ дагуулаад Малайзад очно. Гэхдээ үүнийгээ “Би Монголд байхдаа амгалан байдаг. Хэзээ нэг цагт би нутаг буцаж ээж, хамаатан садантайгаа золгоно. Гэхдээ тэр надад яг л жуулчилж яваа юм шиг санагдах байх. Тэр бүхний дараа эргээд Монголд ирнэ” гэж тайлбарлаж байна. Энд байх нь түүнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд санаа зовох зүйлгүй. Мөн орлого нь амьдралаа залгуулахад хангалттай байгаа учраас эндээ л байх дуртай гэнэ.
Д.Идэр
Сэтгэгдэл (11)