ТТАХНЭ-ийн эмнэлгийн барилга 2013 онд ашиглалтад орох ёстой байсан. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын Засгийн газрын хуралдаанаас ЦЕГ-т шилжүүлснээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг барилгыг оффисын зориулалтаар ашиглахаа мэдэгдсэн юм. Харин түүний энэхүү шийдвэрийг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаас дэмжин шийдвэр гаргасан билээ. Иймд эмнэлгийн эмч, ажилчид алба хаагчид эсэргүүцэн, өнгөрсөн даваа гаригт ажил хаялт зарласан.


Тус эмнэлгийн дарга Ш.Жаргалсайхан “Ийм шийдвэр гаргуулахгүйн тулд бид Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Шинэчлэлийн Засгийн газарт урьдчилан сануулж, ойлгуулах гэж сар гаруй хугацаанд тэмцлээ. Гэтэл сонссон ч үгүй, сонсохыг хүссэн ч үгүй шийдвэрээ гаргачихлаа. Тиймээс өнөөдөр тайван жагсаж байна. Яг өнөөдрийн байдлаар манай эмнэлэг шиг барилгын, техник, багаж төхөөрөмжийн шийдэлтэй эмнэлэг одоогоор байхгүй. Ийм эмнэлгийн хүч хэрэгслийг өнөөдөр оффис болгоно, үгүй хийнэ гэж байгаа нь Засгийн газарт шинэ юм хийж, шинэчлэл хийж, дэвшил хөгжих юм алга. Шинэчлэлийн Засгийн газарт үнэхээр харамсч байна. Төрд гомдож байна”
ТТАХНЭ-ийн эмч Н.Саранцэцэг ”Төрийн тусгай алба бол цаг наргүй ажил. Мөн гал, усны аюулд орох өндөр эрсдэлтэй онцгой алба. Тиймээс эдгээр хүмүүст үйлчлэх дээд зэргийн чадамжтай, ямар ч тохиолдолд бэлэн байдалд байх эмнэлэг хэрэгтэй. Хууль зүйн сайд Төрийн ордны хажууд гэмт хэргийн бүлэглэлүүдийг цуглуулах гэж байна” гэлээ.
Ийнхүү Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, иргэдээс гарын үсэг цуглуулан Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагын хариуг гурав хоногийн дотор авахаа мэдэгдсэн билээ.






Б.Чимэг
Сэтгэгдэл (5)