Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай орон айлчилж байгаа Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевыг өнөөдөр хүлээн авч уулзав.
-Монгол Улс Киргиз Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэг бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жил Киргизийн Гадаад хэргийн сайд манай оронд айлчилж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн энэ оны 4 дүгээр сард Киргизид хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд таны айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн бодож байна гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев цаг зав гарган өөрийг нь хүлээн авч байгаад Ерөнхийлөгчид талархал илэрхийлэх ялдамд дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж тохирсон зарим асуудал хэрэгжиж, хоёр орны харилцаа эрчимжиж байгааг дурдаад бүх салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн олборлох аж үйлдвэрийн салбар болон төрийн алба, тэр дотроо шүүх засаглалын шинэчлэлийн талаар туршлага солилцох, бүс нутгийн хэмжээнд харилцан бие биеэ дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа сайд хэллээ. Түүнчлэн сайд ирэх жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Киргизид болох тул Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно гэдэгт итгэж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч БНКирУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлоод энэ айлчлал хоёр талын улс төрийн яриа хэлэлцээний түвшинг хадгалж бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.