зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

MONGOLIA @ PDAC 2023: Монгол хөөсөн яриа, хоосон талбайтай улс биш

2024-3-03
0
ЖИРГЭХ

Монгол Улс 1990-ээд оны сүүлээс PDAC чуулганд анх оролцож эхэлжээ. Тухайн үед Монголын ганц том уулын үйлдвэр “Эрдэнэт”, байгуулагдаад удаагүй байсан Ашигт малтмалын газрын төлөөлөл оролцож байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд PDAC-т оролцох Монголын идэвх тодорхой хэмжээнд нэмэгдэж, салбарын сайд нь тогтмол оролцдог болж, компаниуд ч олноорооТоронтог зорих болжээ. Энэ жилийн PDAC-т ч Монгол Улсын оролцоо өмнөх жилүүдийнхээс дутсангүй. УУХҮЯ болон Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран энэ жилийн PDAC-т ихээхэн идэвхтэй оролцов. Үр дүн ч чамлахааргүй байв. Жил бүрийн PDAC-ын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia@ PDAC” буюу “Монголын өдөр” арга хэмжээг УУХҮЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран зохион байгуулсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн “Монголын өдөр”-өөр танилцуулах илтгэл, төслүүд шинэлэг бөгөөд цаг үетэйгээ нийцсэн, мөн Монголыг сонирхож байгаа шинэ хөрөнгө оруулагчид, шинэ компаниуд “Монголын өдөр”-т хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа. 

Гэхдээ ердөө есөн сарын өмнө болсон PDAC 2022 чуулганд танилцуулсан мэдээлэл, өгсөн мессежээс ялгаа нь юу байв гэдэг чухал юм. Энэ жилийн PDAC-т Монголын компаниуд алтны төслүүдээс гадна лити, никель, кобальт, графитын хайгуулын төслүүдээ танилцуулсан нь шинэлэг болов. Дээрх эрдсийн хайгуул, хөрөнгө оруулалт, эрэлт PDAC-ын ярианы гол сэдэв болж байна. “Монголын өдөр”-т 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудын төлөөлөл оролцохоо илэрхийлж бүртгүүлснээс тал орчим нь оролцож, өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогч олонтой болсон юм. 2023 оны “Монголын өдөр”-ийн агуулгыг багцалбал хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэж буй байдал, геологийн потенциал, шинэ хайгуулын төслүүдийн танилцуулга, Монголд амжилттай хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, төгсгөлд нь хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан. Дөрөвхөн цагийн дотор энэ бүгдийг багцалж хүргэх нь амаргүй. Юутай ч ирсэн зочид “Монголын өдөр”- өөс сэтгэл дундуур гараагүй. “Монголын өдөр”-т Монголд ажиллаж байсан, хөрөнгө оруулж байсан цөөнгүй хүмүүс оролцсон. Тэдний хувьд Монголын эрх зүйн орчин тогтворгүй, хөрөнгө оруулагчдад тийм ч ээлтэй биш гэсэн шүүмжлэлийг илэн далангүй илэрхийлдэг. Уг шүүмжлэлийг хүлээн авахгүйгээр, шийдвэрлэхгүйгээр PDAC дээр хөрөнгө оруулагчдыг урих нь бүтэшгүй гэдэг нь ч тодорхой. УУХҮийн сайд Ж.Ганбаатарын танилцуулга яг ийм шүүмжлэлтэй ханддаг хөрөнгө оруулагчдад зориулагдсан гэхэд болно. Тэрбээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудыг тодорхойлж, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа явцыг танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг татсан. Юун түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй олон жил болсныг зогсоож, сонгон шалгаруулалтаар, тэр дундаа цахимаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. 

Хөрөнгө оруулагчид дэлхийн хаанаас ч Монголд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой болжээ. 

Мөн ойрын үед Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих бөгөөд уг төсөлд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог болохоор тусгасан байна. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд авдаг татварын хэмжээ ойлгомжгүй байсныг тодорхой ойлгомжтой болгожээ. Лиценз шилжүүлэхэд авдаг татварыг хэлцлийн үнээс тооцож авна. Хэрэв хэлцлийн үнийг бага тогтоосон гэж үзвэл анх лицензийг дуудлага худалдаагаар авсан үнээс тооцохоор болж байгаа аж. Дээрх хоёр асуудал бол хайгуулын компаниуд, хөрөнгө оруулагчдын “толгойны өвчин”. Уул уурхайтай гэх улс болгонд л хайгуулын лиценз чөлөөтэй авч, хайгуул хийж, нөөц олсон, олоогүй аль нь ч бай зарж болдог байхад Монголд бөөн асуудалтай тулгардаг нь гадны хөрөнгө оруулагчдын гайхашралыг барж байгаа. Хайгуулын лиценз бол ашиг олдог биш мөнгө зардаг, булдаг лиценз. Ийм байхад хайгуулын лицензээ “харамлаж” байгаа улсад хөрөнгө оруулах адгийн тэнэг гарч ирэхгүй нь ойлгомжтой. Одоо байгаа 1000 хүрэхгүй хайгуулын лицензийн дийлэнх нь үндэсний компаниудын эзэмшилд байгаа, гадны хөрөнгө оруулагчгүй болсон нь үүнийг бэлхнээ нотолж байгаа юм. Энэ байдлыг өөрчилж байж хөрөнгө оруулагчдыг урих талаар ярьж эхлэх эрхтэй болно гэсэн үг. Гуравдугаарт, АМНАТ-ийг хөрөнгө оруулагчдад таатай байлгахаар шийдвэрлэж байгаа аж. 

Тухайлбал зэсийн үнэ 8500 ам.доллар байхад АМНАТ 19 хувь буюу 1615 ам.доллар болдог байна. Үүнийг 8.7 хувь хүртэл бууруулж байгааг Сайд онцолсон. Зэсийн өндөр АМНАТ-өөс болж зогсонги байдалтай байгаа ашиглалтад бэлэн болсон ордуудын үйл ажиллагаа сэргэх боломжтой болох юм. Ингэснээр хайгуул хийгээд орд олбол түүнийг уурхай болгон хөгжүүлэх татварын таатай орчныг бүрдүүлнэ. Олон ч төслийн гацааг арилгах ганц шийдэл бол АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулах юм. Дөрөвдүгээрт, орон нутгийн иргэдийн уул уурхайг эсэргүүцэх хандлагыг өөрчлөх чиглэлээр олон ажил хийж байгаа аж. Тухайлбал АМГТГ-ын салбар нэгжийг 5 аймагт бүсчилсэн байдлаар нээж байгаа. Мөн АМНАТ-ийг уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй тухайн аймаг, суманд илүү хуваарилах, хөгжилд нь зарцуулах асуудлыг шийдвэрлэж байгаа аж. Дээрх үндсэн асуудлууд бол уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагчдын амны уншлага шахуу болсон асуудлууд юм. Асуудлыг шийдвэрлэхгүйгээр хөрөнгө оруулаач, хайгуул хийгээч, Монголд ажиллаач гэж урих нь зохимжгүй. Тиймээс ч Сайдын хамгийн түрүүнд онцолсон дээрх мессежийг салбарынхан таатай хүлээж авсан нь дамжиггүй. Монголд хөрөнгө оруулах боломж, геологийн сонирхолтой потенциалын талаар илтгэлийнхээ дараагийн хэсэгт танилцуулсан. Өнгөрсөн жилийн “Монголын өдөр”-өөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улс критикал минералын салбарт идэвхтэй ажиллаж, хайгуулыг эрчимжүүлэх бодлогоо танилцуулж, анх удаа критикал минералын хайгуулыг идэвхжүүлэхээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь хамгийн гол онцлог байв. Тэгвэл энэ жил геологийн потенциалтай гэдгээ давтан тодотгохын хажуугаар критикал минералын хайгуулын төслүүдийг танилцуулсан нь чухал байлаа. Манай хөрш улсуудын ховор элементийн томоохон ордуудын байршил нь манай улсын баруун хэсэгт хилтэй ойролцоо байдаг байна. Энэ нь геологийн тогтоцын хувьд манай улсад ч томоохон орд илрэх магадлалыг нэмж байгаа юм. Ховор элементээс гадна алтны томоохон нөөц ч тогтоогдох магадлал байгааг Ж.Ганбаатар сайд онцолсон. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй геологийн зураглал гаргах явцаас харахад Монголд критикал минерал, алтны үндсэн ордууд илрэх боломжтойг Сайд хэдэнтээ онцолсон юм. Ер нь PDAC чуулганы хурлуудыг ажиглаж байхад улс орнууд, компаниуд геологийн потенциал, критикал минералын төслүүдийг идэвхтэй ярьж, танилцуулж байсан. Монгол Улс ч энэ трендээс хоцрохыг хүсээгүй. Геологийн потенциалаа танилцуулж, ганц ч болов хөрөнгө оруулагчийн анхаарлыг татахад лав сүүлийн хоёр жилийн “Монголын өдөр”-ийн зорилго оршсон байх. Гэхдээ ганц потенциал яриад хол явахгүй нь бас ойлгомжтой. Дэлхийгээр л нэг потенциалтай улсууд байна. Алт, зэстэй харьцуулахад критикал минералын ихэнх түүхий эд, тэр дундаа лити, кобальт, никель, графитын нөөц тийм ч ихээр нээгдэж, ашиглагдаагүй болохоор бүгд л потенциал ярьж байна. Бүр Канад, Австрали, цаашлаад Швед, Норвеги хүртэл критикал минералын потенциал ярьж байхад Монгол Улс тэднээс хоцорч болохгүй. Монголын уул уурхайн үндэсний ассоциац идэвхтэй ажиллаж, критикал минералын чиглэлээр хайгуул хийж байгаа компаниудыг “Монголын өдөр”-т оролцуулсан нь Монголын потенциал хөөсөрсөн яриа, хоосон талбайн тухай биш шүү гэдгийг нотолгоо болсон юм. Критикал минералын хайгуул Монголд шинэ, энэ чиглэлийн туршлага бага хэдий ч Монголын компаниудын төслүүд тодорхой үр дүнд хүрч байгаа аж. 

“Asian Battery Minerals” компани бол Австралид байгуулагдсан, Монголд лити, никель, графитын хайгуул хийж эхэлж байгаа шинэ компани. Хэдийгээр шинэ, жижиг компани ч BHP Group-ын техникийн дэмжлэгийг авсан, эрлийн ажлын эхний үр дүн нь сайн гарсан гэдгийг Гүйцэтгэх захирал З.Ган-Очир тодотгож байв. Никель, графит, литийн илэрцийг тогтоосон, үргэлжлүүлж идэвхтэй хайгуул хийх шаардлагатай байгаа аж. Мөн үндэсний “Цогш” компани 2016 оноос хойш Увс аймагт никель, кобальтын хайгуул хийжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Д.ЭнхЭрдэнэ хайгуулын ажлын үр дүнгээ танилцуулсан. Туршилтын 125 метр хоёр цооног өрөмдөхөд никель, зэс, цагаан алтны илэрц гарсан байна. Хайгуулын ажил үр дүнтэй байх магадлал өндөр болохоор энэ жил 3000 метр хүртэл өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Хайгуулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай тул сонирхсон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Д.Энх-Эрдэнэ захирал онцолж байв. Үүнээс гадна Монголд анхлан литийн хайгуул хийж эхэлсэн Ion Energy компани хайгуулын явц, үр дүнгээ танилцуулж, ихээхэн найдлага төрүүлж буйгаа тодотгосон. Дээрх гурван хайгуулын төсөл бол дөнгөж эхэн шатандаа яваа тул учир дутагдалтай, тодорхойгүй зүйл ч цөөнгүй бий. Гагцхүү илүү сайн үр дүн гаргахын тулд тэднийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байгаа юм. Тэдний хүсэл маш энгийн. Төрөөс мөнгө гуйгаагүй. Хайгуулын шатанд гаргадаг хэдэн сая долларыг олж ирсэн байхад элдэв татвар, төлбөрөө нэмж, хааж боохгүй, тогтвортой ажиллуулахыг л хүсэж байгаа. Тэд орд илрүүлж, нөөц тогтоож амжилтад хүрч байж Монголын хайгуулын салбар дахин идэвхжих, критикал минералын салбарт хүчтэй өрсөлдөх улсын бодлого биеллээ олно гэсэн үг. 

“Монголын өдөр”-ийн гурав дахь хэсэг бол Монголд амжилттай хэрэгжиж буй төслүүдийн танилцуулга. Харамсалтай нь өнгөрсөн 10 гаруй жилд Монголд тийм ч олон төсөл амжилттай хэрэгжээгүй. “Оюутолгой”, “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Занаду Майнз”, “Хан Алтай” гэсэн цөөн хэдэн төсөл энэ удаад ч Монголын нүүрийг тахалж байна. “Оюутолгой” компанийн гүний уурхайн захирал Жак Вон Тондер гүний уурхайн олборлолт эхлэхэд бэлэн болсныг дуулгасан. Сүүлийн 10 гаруй жил Монголын уул уурхайн нүүр царай болж ирсэн тус төсөл ийн бүрэн ажиллаж эхэлж байна гэдэг яах аргагүй чухал үйл явдал. Мөн Монголд алт, зэсийн хайгуулыг олон жил хийж, ихээхэн хөрөнгө оруулалт хийсний дүнд орд нээн илрүүлсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Занаду Майнз” компани томоохон хөрөнгө оруулагч компаниудтай хамтран ажиллаж, бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа танилцуулсан. Түүнчлэн үндэсний “Хан Алтай Ресурс” компани энэ оноос олборлолтоо эхлүүлэхэд бэлдэж байгаагаа онцолсон юм. Тус компани бүтээн байгуулалт, олборлолтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Эхний үе шатанд жилд 3 сая тонн хүдэр боловсруулах бол дараагийн үе шатанд 10 хүртэлх сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэх юм байна. Эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэх бол хоёр дахь ээлжийг 2026 онд ашиглалтад оруулж, олборлолт эхлэхээр төлөвлөжээ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед алт, зэс хамгийн эрэлттэй түүхий эдэд тооцогдож байна. Ямар ч цаг үед алтны салбар хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг, оролцдог салбар гэдгээрээ онцлог байдаг. Монгол Улс ч алтны томоохон нөөц бүхий хэд хэдэн үндсэн орд нээн илрүүлж, ашиглалтад оруулахад бэлтгэж байгаа нь, олон жил хайгуул хийж, олон удаагийн хурал чуулганд Монголыг танилцуулж, сурталчилж ирсэн дээрх компаниудын ажил урагштай яваа нь Монголын нэр хүндэд яалт ч үгүй эерэгээр нөлөөлж байна. “Монголын өдөр” -н нэг онцлог нь зөвхөн хайгуул, уурхайн төслүүдийг танилцуулах байсангүй. Уул уурхайн салбарт үр дүнтэй хэрэгжиж буй нийгэм, байгаль орчны чиглэлийн төслүүд ч үр дүнгээ танилцуулсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөр алтны компаниудад санхүүгийн томоохон дэмжлэг болсныг хэмээн “Степпе Голд” компанийн дэд ерөнхийлөгч Aneel Waraich онцолсон. 

Мөн Канадын уул уурхайн ассоциацын Дэд Ерөнхийлөгч Photinie Koutsavls тогтвортой уул уурхайн талаар танилцуулга хийж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацтай хамтран ажиллаж, Монголын компаниудад хариуцлагатай уул уурхайн кодекс нэвтрүүлэхийн давуу талуудыг онцолсон юм. Мөн IFC-ийн Монголд хэрэгжүүлж буй D2D хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа төслийн үр дүн, сайн туршлагын талаар танилцууллаа. Энэ жилийн PDAC-ийн хурал, илтгэл, сэдвүүд критикал минерал, алтны салбарыг ихэд тодотгосон гэхэд болно. Угаас PDAC хурлын сэдэв, үзэсгэлэнгээ гаргасан компаниудыг харахад дийлэнх нь алт, критикал минералын төслүүд байв. 

Монгол Улс ч энэ “моод” -ноос хоцорсонүй. “Монголын өдөр” -өөр алт, лити, никелийн компаниуд төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм. 

Өмнөд Америкийн зарим улс критикал минералын ирээдүйн ОПЕК гэж зарлаж байхтай харьцуулахад Монгол Улс даруухан оролцсон нь бас үнэн. Даруухан байхаас ч өөр сонголтгүй нь бас гашуун үнэн. PDAC2023 чуулганд Монголын 20 гаруй компани оролцсон. Эрэл, хайгуулын шатандаа яваа, хайгуулаас бүтээн байгуулалтын шатанд шилжсэн, бүтээн байгуулалт нь дуусаж байгаа төсөл гээд бүхий л шатны компаниуд оролцож байна. Түүнчлэн зөвлөх үйлчилгээ, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөл ч оролцож байгаа юм. Тэд нэг л зорилготой. Барууны томоохон компаниудтай хамтын ажиллагаа тогтоох замаар Монголд хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх. Ямартаа ч тэд гар хоосон ирээгүй. Хэд хэдэн жижиг компани хэдэн сая долларын хөрөнгө оруулалт авахад ихээхэн ойртсон байна. Торонто хотноо болсон PDAC чуулганд Монгол Улсаа идэвхтэй оролцох бүхий л боломжоор хангасан ивээн тэтгэгч, уул уурхайн компаниудад талархъя. “Оюутолгой”, “Хан Алтай Ресурс”, “Эрдэнэ Ресурс”, “Степп Голд”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Оюутолгой”, “Суурь Төр” гээд олон компанийн хүчин чармайлт,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын дэмжлэг, зохион байгуулалтаар энэ жил анх удаа Монгол Улс тусдаа павилион засаж, хөрөнгө оруулагчдад Монголын талаар мэдээлэл хүргэсэн. Монголд, тэр дундаа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт улам бүр татарч байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг урин дуудахын тулд дэлхийн олон улстай өрсөлдөх шаардлагатай. Уул уурхайн бизнес нь өндөр хөгжсөн Канад, Австралиас эхлээд Өмнөд Америк, Африкийн улсуудтай, ялангуяа критикал минералын зах зээлд гэвэл Европ, Арабын баян улсуудтай өрсөлдөх хэрэгтэй болж байна. Тэднээс ялгарах давуу тал, таатай орчноо тодотгоно гэдэг гадаадын хөрөнгө оруулагчдад “аниулсан” хар бараан түүхтэй улсын хувьд тийм ч амаргүй нь ойлгомжтой. Хэцүү гээд зүгээр суугаад байж болохгүйгээс хойно Монголын уул уурхайн салбарын оролцогчид хэрэндээ хичээж байгааг энэ цаг үе харуулж байна.

Майнинг Инсайт сэтгүүл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    11 цаг 47 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    11 цаг 53 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    12 цаг 42 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    12 цаг 49 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    13 цаг 0 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    13 цаг 5 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    13 цаг 53 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    14 цаг 0 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    15 цаг 6 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    15 цаг 41 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    15 цаг 46 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    15 цаг 50 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    16 цаг 4 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    16 цаг 47 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    16 цаг 53 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    17 цаг 5 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    17 цаг 36 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    17 цаг 53 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    18 цаг 17 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    18 цаг 53 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК