
ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН СҮМБЭР ОРГИЛУУДЫН НЭГ ДЖ.ВЕРДИ 1813-10-13 –НД МЭНДЭЛЖЭЭ.
Өнгөц ажихуй, энэ хоёр тэмдэглэлт ой үйл явдлаар ойрын хамаа үгүй мэт ч Итали болон дэлхийн дуурийн урлагийн ноёлог оргилуудын нэг Дж.Вердийн алдарт дууриудгүйгээр монголын дуурийн театрыг төсөөлөх аргагүй болой.
УДБЭТеатрын 50 жилийн яруу замнал, түүхийн богино хугацаанд театрын хамт олны чин зүтгэл, романтик сэтгэлээр бүтээсэн баялаг урын сан, авъяас онгодын бүтээлийг цэгнэн дүгнэхэд, Дж.Вердийн гайхамшигт дууриудыг эрхэмлэн дурсах нь зүй ёсны хэрэг юм.
Тус эрдмийн театр 50 жилийн түүхэндээ 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны (үндэсний 40 гаруй, гадаадын болон сонгодог 60 шахам) дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата” /1977/, “Риголетто” /1986/, “Отелло” /1989/, “Трубадур” /1994/, “Аида” /2012/ дууриудыг тавьж монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон түүхтэй билээ.
Дж.Вердийн 5 дуурийг урын сангийнхаа хөтөлбөрт тогтмол байлгана гэдэг бол зууны талыг насалсан театрын бахархан хэлэх олон үгсийн нэгэн болой.
Дж.Вердийн алдарт “Реквием”-ийг УДБЭТеатрын хамт олон 50 жилийнхээ түүхэн ой, хөгжмийн зохиолчийн 200 жилийн ойд зориулж байгаа юм.
Дж.Вердийн энэхүү бүтээлийг МУУГЗ Ж.Бүрэнбэхийн удирдлагаар УДБЭТеатрын найрал дуучид, ЦДБЭЧуулгын найрал дуучид, УДБЭТеатрын гоцлол дуучид, симфони найрал хөгжим, Театрын хамт олон та бүхэндээ өргөн барих юм.
Дж.Вердийн “Реквием” нь сонгодог хөгжмийн цогц их бүтээл болохынхоо хувьд хөгжмийн урлагийн бүх төрөл, хэлбэрүүдийг багтаан найруулсан нийлмэл томоохон бүтээл байдаг тул шууд ойлгоход бэрхшээлтэйг харгалзан уг “Реквием” дэх латин хэлээр дуулагдах “залбирал-дуулал”-ын утга агуулгыг орос хэлэнд “өгүүлсэн шүлэг”-ийн хэлбэрээр орчуулсныг зохиолч, яруу найрагч Д.Урианхай Монгол судар, мөргөлийн хэл найруулгаар хөрвүүлэн буулгалаа.
Монгол хэлээр хөрвүүлсэн судар, мөргөлийн хэл энэ шүлгийг гоцлол дуучид, найрал дуучид дуулах агшинд дэлгэцнээ үзүүлэхийн зэрэгцээ Дж.Вердийн хөгжмийн ертөнцийг тайз чимэглэлтэйгээр үзүүлэхээр бэлтгэж байна.
Дж.Верди /1813-1901/
Италийн агуу их хөгжмийн зохиолч, ДЖузеппе Верди өөрийн ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн дотны андууд Ж.Гарибальди, А.Манзони нартай хувь заяа нэгтгэжээ.
Хүний сайн сайхан амьдрал, эрх чөлөөг хамгаалах, харийн дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэх, хүнлэг энэрэнгүй үзэл бодол нь түүнд үргэлжид уран бүтээлийн урам зориг өгч байсан юм.
“Реквием” хэмээх бүтээл нь тайзны урлагт зориулагдаагүй томоохон бүтээл ба “Реквием”-ийн зохиомж, хөгжмийн хэллэгийн хэлбэр нь нөгчигсөдөө амирлуулах шашны зан үйл, хүндэтгэлийг илэрхийлэх учир сүмд дуулж хөгжимддөг уламжлалтай байжээ. Харин Дж.Вердийн “Реквием” нь утга санаа, хэлбэрийн хувьд сүмийн дууллаас эрс тасарч, концертын тайзнаас дуулагдах хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээл болохоо зуун зуунаар нуталсан болой.
1868 онд Ж.Россини тэнгэрт хальснаар дотно нөхрийнхөө мөнхийн дурсгалд зориулж Дж.Верди тухайн үеийн нэр хүндтэй хөгжмийн зохиолчдыг уриалан томоохон хэмжээний “Реквием” туурвих санаа анх төрсөн гэдэг. Тэрбээр өөрөө “Эрхэт эзэн минь зовлонгоос гэтэлгэж хайрла” хэмээх Реквием-ийн сүүлчийн ангийг бичсэн боловч олон шалтгаанаас хамтын бүтээл туурвил болж эс чаджээ.
Хамтран сэтгэгч, дотны анд, гарамгай зохиолч, яруу найрагч Алессандро Манзонийн цаг бусын үхэлд гүнээ харамсахдаа андынхаа гэгээн дурсгалд зориулсан хөгжмийн хөшөө босгохоор шийдэж 7 анги бүхий шинэхэн “Реквием”-ээ туурвиж 1871 оны 5 сарын 22 нд Милан хотноо “Марка” сүмд анх хөгжимдүүлжээ.
Тухайн үеийн ердийн реквиемүүдийн гол дүрслэл нь догширсон бурхад, Бурхадын өмнө дагжин чичирсэн хүн байсан бол Верди анх удаа энэхүү сүрлэг бүтээлдээ “Хүн”-ийг гол болгон үзүүлсэн байна. Энэхүү бүтээлд хүн зөвхөн агуу их хүчний өмнө хүлцэнгүй дагжин чичрэгч, гашуудан эмгэнэгч, энэлэн шаналагч, бачимдан мэгдэгч биш, хүн-бол хүчирхэг, эрэлхэг, энэлэл, шанлал, үхэл хагацал бачимдлыг сөрөн зогсч чадах юм гэдгийг бүхэл зохиолын гол утга санаа болгон авснаар Реквием зохиолын уламжилж ирсэн хэлбэр, хэмжээ, сэдэв, хэмнэл аялгууг үндсээр нь өөрчилсөнд түүний гайхамшиг оршино. Дж.Вердийн “Реквием” нь дөрвөн хоолойн хүчирхэг найрал дууны хоёр хамтлаг, дөрвөн гоцлол дуучин, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл юм.
1.Амирлуулахуй
2.Хилэнт гэсгээлийн өдөр тохиохуй
3.Тавиг /өргөл/
4.Ялгуугсдад одуулах залбирал
5.Оройн дээдэд золиослох тавигийн хурга
6.Энхжингийн гэгээ
7.Эрхэт эзэн минь зовлон, зовлонгоос гэтэлгэж хайрла! гэсэн 7 ангиас бүтсэн энэ бүтээл нь найрал дуу, гоцлол дуу, симфони найрал хөгжмийн чадамж, чадварын түвшинг төгс үзүүлж чадсан бүтээл болсноороо 142 жилийн турш дэлхий дахинаа бишрэн магтагдсаар ирсэн уламжлалтай.
Сэтгэгдэл (3)