Өнгөрсөн бямба гаригийн 15 цаг 55 минутанд Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайд гурван хүн дарагдаж амиа алдсан талаар мэдээлсэн. Уг уурхайн осолд онцгой байдлын алба хаагчид хэрхэн ажилласан талаар өнөөдөр НОБГ-аас мэдээлэл хийлээ.
Уул уурхайн аврах албаны бүрэлдэхүүн 16.00 минутанд ослын газарт очжээ. Тэднийг очиход уурхайн амнаас 60 гаруй метрийн гүнд 40 градусын налуутай малтагдсан уурхайн гүнд битүү нуралт үүсч нурлын цаана мөрөгцөгт ажиллаж байсан 23 настай эрэгтэй Б, 50 настай эрэгтэй Д, 30 орчим насны эрэгтэй Б нар гарцгүй үлдсэн байжээ.
Тиймээс Уул уурхайн аврах албаны нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн 16.10 минутанд нуралт сэргээх ажлыг эхлүүлж бүрэлдэхүүнийг гурван хэсэг болгон зохион байгуулж, хоёр цагаар ээлжлэн ажилласан байна.
Нуралт үүссэн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Х.Батбилэг, нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшигтай тэмцэх урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 17 албан хаагч, гурван автомашин, Мэргэжлийн хяналтын хэлтсээс гурван хүн, нэг автомашин, Цагдаагийн хэлтсээс 11 албан хаагч, нэг автомашин, Эрүүл мэндийн нэгдлээс таван эмч, сувилагч, хоёр автомашин, Прокуророос нэг албан хаагч нийт 90 хүн, 14 автомашин, дүүргийн Тамгын газраас дөрвөн хүн, хоёр автомашин, Уул уурхайн аврах албанаас 49 албан хаагч, таван автомашинтайгаар 32 цаг 46 минут ажиллаж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний 00 цаг 46 минутанд дээрхи гурван хүний цогцсыг гаргаж, цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Осол болсон уурхайн амыг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хяналтын улсын байцаагч үйл ажиллагааг зогсоожээ.
Б.Чимэг