Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийнэ.
Беларусийн Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийх гэж айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар ярилцахаас гадна харилцаа, хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Тэгвэл хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 52 сая ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, 2023 он гэхэд 33 сая ам.доллар болж буурчээ.
Беларусь Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аж үйлдвэр, хөдөө аж ахуй-ойн аж ахуй, эрчим хүч болон тээвэр-ложистикийн үйлчилгээ багтдаг.
Манай улс Беларусь улсаас хүнсний бүтээгдэхүүн, ачааны авто машин, эд анги, техник түлхүү импортолдог бөгөөд хоёр улс хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газар 2021 онд баталсан.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд:
-
ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх 73 автомашин – 13.2 сая еврогийн төсөл,
-
“МАЗ” компанийн замын засвар, цэвэрлэгээний 42 ширхэг автомашиныг худалдан авах – 2.9 сая еврогийн төсөл,
-
Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх (117 МТЗ трактор, 417 ширхэг техник) -3.9 сая еврогийн төсөл тус тус амжилттай хэрэгжсэн юм.
Өнөөдрийн байдлаар мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк, малын тэжээл бэлтгэх болон бусад зориулалтын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх - 25.5 сая еврогийн төсөл, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх (150 ширхэг) – 2.2 сая еврогийн төсөл хэрэгжиж байна.
Хоёр улсын харилцааны механизмууд:
-
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс
-
УИХ дахь Монгол-Беларусийн найрамдлын бүлэг
-
Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт
-
Олон улсын автотээврийн харилцааны асуудлаарх Монгол-Беларусийн хамтарсан комиссын хуралдаан
-
Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны Монгол, Беларусийн хамтарсан комисс