Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нээлттэй хүсэлт илгээсэн байна. Уг хүсэлтэд,

Эрхэм Ерөнхийлөгч өө,
Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалж байгаа нь залуус бидний хувьд тун бахархууштай бөгөөд Монгол Улсын ардчиллын ололт амжилтыг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлж буйн илэрхийлэл хэмээн бид үзэж байна. Мөн түүнчлэн Монгол Улс Ардчилсан Орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх бүрэн эрхийн хугацаа нь залуус бид шинийг санаачилж хэрэгжүүлэх таатай боломж бүрдсэн үе хэмээн үзэж байна.
Өнөөдөр дэлхий дээр 2 тэрбум орчим залуусын 90 орчим хувь нь хөгжиж буй орнууд буюу ардчилал хамгийн их үгүйлэгдэж байгаа орнуудад амьдарч байгаа бөгөөд Монгол орны хүн амын 70 гаруй хувийг залуус эзэлж байгаа нь Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд залуусын дуу хоолой зайлшгүй шаардлагатай гэдгийг баталж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Залуусын дуу хоолойг сонсдог, анхаардаг байх хэрэгтэй” мөн түүнчлэн “Хэрвээ залуучуудын ирээдүй бүрхэг болж хайхрамж муутай засгийн газартай нүүр тулах аваас тэд өөрсдийн хүсэн хүлээсэн ирээдүйн төлөө тэмцэж эхлэх болно” хэмээн хэлсэн нь залуус бидний эрх үүрэг, хариуцлагыг бүрнээ тодорхойлж байна.
Энэ бүхнийг харгалзан үзэж Монголын мянга мянган залуусын төлөөлөл болсон Монгол Залуучуудын холбооноос танд дараах хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд :
• Ардчилсан Орнуудын хамтын нийгэмлэгийн бүтцэд буй “Иргэний нийгмийн тулгуур”/Civil Society pillar/ бүрэлдхүүнд 2005 онд 25 шилдэг иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн Олон Улсын Удирдах Хороо /International Steering Committee/ байгуулагдсны нэгэн адил Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг тэргүүлэх бүрэн эрхийн хугацаанд 2013 онд МУ-ын санаачилгаар Ардчилсан Орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд дэлхийн тэргүүний залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн Залуучуудын хороог байгуулахыг санал болгож байна.
• Монгол Улс, Польш улсын тэргүүлж буй “Ардчиллын боловсрол” ажлын хэсгийн гишүүнчлэлд иргэний нийгмийн төлөөллийн бүрэлдхүүнд Монголын Залуучуудын холбоог багтаахыг хүсч байна. Монголын Залуучуудын холбоо нь МУ-ын бүх дүүрэг, аймаг, 300 гаруй сумдад салбар зөвлөлтэйн хувьд Ардчилалын боловсролын сургалтыг залуучуудад хүргэх мөн энэ төрлийн төслийг урьд нь санаачилж байсан туршлагаас үндэслэн энэхүү ажлын хэсэгт үр дүнтэй ажиллаж чадахаа танд батлан хэлье.
• Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын зөвлөлийн гишүүн МЗХ нь 2013 онд Улаанбаатар хотод АОХН-ийн Сайд нарын 7-р бага хурлын өмнөх өдрүүдэд зохион байгуулагдах Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд туслахад хэзээд баяртай байх болно гэдгээ илэрхийлье.
Таныг дээрх саналуудыг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт залуус бид итгэлтэй байна.
Залуучуудын төлөөх та бидний ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэжээ
Сэтгэгдэл (1)