Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2.3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, Шархадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (эрдэнэтолгойн уулзвараас шархадны эцэс хүртэл)-ийн ажлыг хийх аж.
Батлагдсан төсөвт өртөг нь 2,364,850,000 (хоёр тэрбум гурван зуун жаран дөрвөн сая найман зуун тавин мянга) төгрөг байна. Энэ онд бүрэн санхүүуүүлнэ гэж баримт бичигт тусгасан байна.
Шар хадны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Цайз захын уулзвараас Эрдэнэ толгойн уулзвар, Эрдэнэ толгойн уулзвараас Шар хадны эцэс хүртэл)-ийн ажлын техникийн зураг төслийг “Нийслэлийн замын хөгжлийн газар”- ын захиалгаар “Кеаро” ХХК-д 2024 оны 7-р сард боловсруулжээ.
Засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөж буй төслийн байршил нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 40, 24, 9-р хорооны нутаг дэвсгэрийг хамарна гэж зураг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн замын өнөөгийн нөхцөл байдлын талаар "авто замын хучилт нь зарим хэсэгт 14м өргөнтэй, зарим хэсэгт 13 м өргөнтэй, зарим хэсэгт 10 м өргөнтэй, замын нийт уртад хөндлөн хагарал, 30-40 хувьд торон хагарал үүссэн, хэдэн цэгт нүхэн эвдрэлтэй өнгөн хучилт элэгдсэн байдалтай байна. Авто замын бетон хашлага нь замын нийт уртад эвдэрч үйрсэн. Авто замын хэвтээ тэмдэглэгээнүүд бүдгэрч зарим хэсэгт арилсан байдалтай байна" гэж дурджээ.
Тендерийг хүлээн авах эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр байна.