
Тус анги 2012 оны Бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 350 хүний багтаамжтай амьдралын байр, 10 ор бүхий эмнэлгийн байр, Шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьсан бөгөөд амьдралын байр нь хоригдогсдод үзүүлэх сэтгэл зүйн болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх сургалт нөлөөллийн ажлын танхим, ардын болон уламжлалт зан үйлийн өрөө зэргийг багтааснаас гадна 1 хүнд оногдох талбайн хэмжээ, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг бүрэн шийдвэрлэснээрээ хүний эрхийг хангасан, хууль журамд нийцсэн орчин бүрдлээ.
Түүнчлэн шалган нэвтрүүлэх байр нь ял эдэлж буй хоригдогсдын ар гэр, төрөл төрөгсөдтэй уулзах 9 өрөө бүхий эргэлтийн байрыг багтааснаараа онцлогтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд зохих түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар тус ангид 500 орчим ялтан ял эдэлж байгаа бөгөөд ял эдлэгсдпийн 45 хувь нь ажлын байраар хангагдсан бөгөөд ангийн захиргаанаас цаашид ялтны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна. Зөвхөн 2012 оны эхний 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа 99 ялтны хөдөлмөрийн хөлснөөс 10.430.412 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ. Хоригдогсдыг ажлын байраар хангах зорилгоор 5 хувийн хэвшлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байгаа бөгөөд нийт ялтнуудад чиглэсэн соёл урлагийн болон сургалт нөлөөллийн ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэргэжил сургалтын төвтэй хамтран мэргэжлийн баримжаа олгох сургалт зохион байгуулж, барилгын засал чимэглэл, өрлөгчин, өрөг-угсралт, мужаан гэсэн чиглэлээр 29 хүнийг сурган чадамжийн гэрчилгээ олгож, суллагдсаны дараах амьдралд бэлтгэлээ.
Мөн бичиг үсэг үл мэдэх 21 хоригдогсдыг Баян сумын боловсролын байгууллагатай хамтран анхан шатны боловсрол олгож, ар гэртэйгээ захидал харилцаагаар харилцах боломжтой болсон бөгөөд ангийн хэмжээнд бичиг баримтгүй ялтныг бичиг баримтжуулах ажил хийгдэж, ажил хийсэн хөдөлмөр хөлсийг нэрийн дансанд хуримтлуулж, гэм хорын хохирлыг барагдуулах, тэдний ахуйн хэрэгцээнд зориулж суллагдан гарахад бэлнээр тооцон олгож байна.
Герман улсын алдаж эндэгсдэд туслах Шейдвиг нийгэмлэг, Жавзундамба хутагт төв, Буддын шашины төв, Бетүб хийд, Хайрын будаа, Ургацын далай, Шири шири амьдрах ухаан бясалгалын төв зэрэг төрийн бус байгууллагатай хамтран хоригдогсдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Хорих ял эдлүүлэх орчин нөхцөлийг дэвшилтэт байдлаар шийдвэрлэсэн байгууламжийг барьж ашиглалтанд оруулж байгаа нь Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй хорих ял эдлүүлэх орчин нөхцөлийг стандартжуулах, ялын зорилгыг хангахад чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсон талаар ангийн дарга, хошууч Ц.Очгэрэл тэмдэглэж байлаа.