Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: Долоодугаар сарын 13-нд Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны долоодугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.