-МАХН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх хурлаа хийсэн гэсэн. Ямар асуудал хэлэлцэв?

-МАХН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх хурлаа хийсэн гэсэн. Ямар асуудал хэлэлцэв?
-Энэ хурлаар намынхаа бодлого, үйл ажиллагааны чиглэлээр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. МАХН УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож, тодорхой үр дүнд хүрсэн. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрт туссан зорилтоо хэрэгжүүлэх боломж бүхий суудлыг авсан. Үүнийхээ дагуу УИХ-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх талаар нэлээдгүй анхаарал тавьж ажиллаж байгаа. Засгийн газарт МАХН-аас Шадар сайд болон бусад сайд нар ажиллаж байна. Мөн хурлаар энэ сарын 20-нд багтаж, хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээр ахлуулсан ажлын хэсгүүдийг гаргаж иргэдтэйгээ уулзаж, намынхаа үйл ажиллагааг сурталчлах, гишүүд дэмжигчидтэйгээ уулзах ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ ажил УИХ болон Орон нутгийн сонгуулиас хойшх намаас зохион байгуулж байгаа томоохон ажлын нэг. Өмнө нь зөвхөн сонгуультай холбоотой ажлаар болон томилолтоор намын удирдах төвшний хүмүүс тодорхой хугацаанд ажиллаж байсан бол энэ удаа улс орны тулгамдсан асуудлууд тэр дотроо улс төрийн хэлмэгдүүлэлт, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, шуурхай арга хэмжээ авах бололцоог хангах ажлыг явуулна. Нөгөөтэйгүүр намынхаа гишүүд, дэмжигчдэд хүрч ажиллах, намын байгууллагуудынхаа үйл ажиллгаатай таницаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, товчхон хэлэхэд намын байгууллагынхаа үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна. Орон нутагт ажиллах бүсийн чиглэлийг дотор нь баруун, зүүн, говийн болон хангайн бүс гэж хуваасан. Ажлын удирдамжийг намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний хурлаар баталсан. Тэгэхээр энэ нь манай намаас бодлого, үйл ажиллагааны чиглэлд хийж буй томоохон ажил юм. Богино хугацаанд үр дүнтэй явуулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулна.
-Та хэд хоногийн өмнө Монголын тухай гадаадын сайт мэдээлсэн гэж мэдэгдэж байсан?
-Тийм. Азийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн томоохон вэб сайт www.atimes.com-д энэ сарын 8-нд мэдээлэгдсэн нэгэн нийтлэл анхаарал татлаа. Түүнийг Хавайн Ханалулу хотод төвтэй Ази Номхон далайн судлалын төвийн доктор судлаач хүн бичсэн байна. Монгол Улс буруу тийшээ явж байна гэсэн утгатай нийтлэл юм. Гол санаа нь манай улсын өнөөгийн хөгжил, хөдөлгөөн нийгэм, эдийн засагт нь явагдаж байгаа байдал ихээхэн анхаарал татаж байна. Улсынхаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын гэх хэргээр дөрвөн жилийн хугацаагаар шоронд хорьсон байгаа. Улсын үйлдвэрүүдийнхээ нэг болох “Эрдэнэт” болон өөр бусад шалтгаануудтай холбож байгаа юм байна. өөр нэг асуудал нь монголчууд өөрсдөө социалист системийн орнуудын нэг болж 70 орчим жил тэрхүү замналаар явсан. Гэтэл саяхан нийслэл хотынхоо төвд байрладаг В.И.Лениний хөшөөг нурааснаас үзэхэд Монголын нийгмийн асуудалд анхаарал татсан асуудал байна гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар, байгаль орчин дахь хүндрэлтэй асуудлууд, ядуурлын төвшин буурахгүй байгаа зэрэг олон асуудлыг хөндсөн байна. Хамгийн сонирхолтой дүгнэлтэд юу дурьдагдаж вэ гэвэл, өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг авлигын хэргээр яллаж байгаа нь энгийн хүмүүсийнх нь харж байгаагаар Монголын авлигачид тэр хүний цаана нуугдаж авлигыг таслан зогсоох гэж байгаа мэтээр харагдаж байгаа тухай бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг авлигач биш гэдгийг бүх ард түмэн нь мэддэг, гагцхүү улстөрчид нь л түүнийг авлигач болгон яллаж, өөрсдөө ард нь хоцрохыг санаархаж буй үйл явц гэж нийтлэлч дүгнэсэн байна. Мөн В.И.Лениний хөшөөг буулгаснаараа Монгол Улс юуг өөрөөсөө зайлуулж байгаагаа харагдуулахыг хичээж байгаа юм бол оо гэсэн харьцуулсан дүгнэлтийг хйисэн байна лээ. Түүнээс үзэхэд манай улс буруу тийшээ явж байгаа орон юм шиг эрдэмтэн, судлаачдын дүгнэлтээр ойлгогдож байгаа юм байна. Гэтэл бид байгалийн баялгаа ашиглан хөгжих, дэвших тухай хамгийн сайхан улс орон болоход хэр их ойртсон тухайгаа хөл алдан ярьж байдаг. Шударга хүмүүс биднийг харахдаа буруу зүг рүүгээ явж байгаа улс орон байна гэдгийг ний нуугүй шүүмжилж, дүгнэж хэлж байна. Миний хувьд энэ асуудалд улс төрийн бусад намууд дүгнэлт хийгээсэй гэж бодож байна.
-Саяхан Засгийн газар 100 дахь хоногоо тэмдэглэсэн. МАХН гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдийнхээ ажлыг хэрхэн дүгнэж байна?
-Засгийн газарт ажиллаж буй манай гишүүд сайн ажиллаж байгаа гэж үүзэж байна. МАХН-аас шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдийнхээ хариуцсан салбарын хүрээнд хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлтийн талаарх мэдээллийг гишүүд, дэмжигчиддээ явуулж байна. Н.Удвал сайдын хувьд эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн ажлаа, Сангийн сайд Чингис хаан бонд болон улс орны нийгэм, эдийн засгийн чиглэлд хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаарх мэдээллийг иргэддээ явуулсан. Шадар сайдын хувьд мөн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, Стандартчлал хэмжил зүй, Худалдан авах үйл ажиллагаа, Оюуны өмчийн чиглэлийн чиглэлд явуулж буй ажлынхаа мэдээллийг иргэддээ дэлгэн тавьсан.
-МАХН-ын гишүүнчлэл хэр нэмэгдэж байна?
-“Шударга сонголт-МАХН” нэртэй гишүүнчлэлээ сэргээх, шинээр элсүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулсан. Үүний дүнд 5000 гаруй гишүүн манай намд албан ёсоор гишүүнчлэлээ сэргээсэн. Удахгүй энэ сарын 20-доор дараагийн гишүүнчлэл сэргээх ажил өрнөнө. Шинээр гишүүн элсүүлэх нь манай намын өдөр тутмын ажил байдаг. Мөн бидний сайн танил урлагийн нэрт зүтгэлтнүүд, олны танил хүмүүс манай намд элсэхээр хүсэлтээ ирүүлээд байгаа. Удахгүй гишүүнчлэлийн аян өрнүүлж батлахыг нь гардуулна. Хөдөө орон нутагт гишүүнчлэл идэвхжиж байна. Орон нутгийн сонгуулийн үеэс эхлэн тэнд байгаа намын байгууллагуудын идэвх эрс сэргэсэн.
Б.Золбоо
Сэтгэгдэл (17)