
Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”–ийн удирдагч ноён Стефан Мозерыг хүлээн авч уулзлаа.
Стандарт, хэмжил зүйн газар Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл"(ITDM)-тэй 2026 онд үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах чиглэл дээр санал солилцов.

Тус уулзалтаар Европын Холбооны “Монгол Улс дахь Олон Улсын Худалдааг дэмжих төсөл (ITDM)”–ийн дэмжлэгтэйгээр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр олон улсын болон дотоодын зөвлөхүүдийг ажиллуулах, мөн Стандарт, хэмжил зүйн газрын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалтын чиглэлээрх сургалтууд орон нутаг, хувийн хэвшил болон салбарын мэргэжилтнүүдэд илүү хүртээмжтэй, уян хатан хэлбэрээр хүрэх боломж бүрдэхээс гадна цаасан хэрэглээг бууруулах зэрэг олон талын давуу тал бий болох юм.



















































