
2016-2021 онд нас барсан хуучин NFL тоглогчдын тархинд хийсэн шинэ судалгаагаар тэдний дор хаяж дөрөвний нэг нь архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг буюу CTE-тэй байсныг тогтоожээ. Судалгааг "The BMJ" сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид дээрх зургаан жилийн хугацаанд нас барсан нийт 878 хуучин тоглогчийн мэдээллийг авч үзсэн байна. Тэдгээрээс 235 тоглогчийн ар гэр тархийг нь судалгаанд зориулан хандивласан бөгөөд шинжилгээнд хамрагдсан 235 тархины 215-д нь буюу 91.5 хувьд CTE илэрчээ.
Гэхдээ судлаачид 24.5 хувийн үзүүлэлтийг бодит түвшний хамгийн доод хэмжээ гэж үзэж байна. Учир нь нас барсан нийт 878 тоглогчийн зөвхөн хэсгийнх нь тархийг шинжилсэн. Тэдний тооцооллоор CTE-ийн бодит тархалт 24.5-97.7 хувь хүртэл байж болох бөгөөд яг бодит хувь нь энэ хоёрын дунд хаа нэгтээ байна гэж үзжээ.
CTE буюу chronic traumatic encephalopathy нь толгойд олон удаа хүчтэй цохилт авснаас үүсдэг, тархины мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг дегенератив өвчин юм. Энэ нь ой санамж, зан авир, сэтгэл хөдлөлд өөрчлөлт оруулж, хүндэрсэн үед сэтгэцийн хомсдолтой холбоотой байдаг. Одоогоор CTE-г хүнийг амьд байх үед баттай оношлох арга байхгүй бөгөөд тархины эдийн шинжилгээгээр нас барсны дараа л баталгаажуулдаг.
Судалгаагаар мөн CTE-ийн хамгийн хүнд буюу 4-р шаттай хүмүүсийн 90 гаруй хувьд нас барах үед нь деменцийн шинж илэрсэн байна.
Энэхүү судалгаа нь Америкийн хөлбөмбөгт олон жилийн турш яригдсан давтан толгойн гэмтэл тоглогчдын эрүүл мэндэд урт хугацаанд ямар хор нөлөөтэй вэ гэсэн асуудлыг дахин хурцаар тавьж байна. NFL-ийн зүгээс тоглогчдын толгойн гэмтэл, тархины доргилтыг бууруулах, тоглолтыг аюулгүй болгох арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаагаа мэдэгджээ.
Л.Баяр



















































