
COP17-ын хүрээнд өнөөдөр “Бэлчээрээс дэлхийн зах зээлд: Монголын тогтвортой ноолуурын ирээдүй” уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Уулзалт, хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан үг хэлэв.
Монголын ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, малчдын төлөөлөл болон олон улсын зах зээлийн оролцогчдын оролцоотой хэлэлцэн тодорхойлох зорилготой энэ уулзалтаар “Тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ: Мал аж ахуйгаас дэлхийн зах зээл хүртэл” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны гадаад харилцааны менежер Н.Анударь, “Сүхбаатар аймагт малчдын оролцоонд түшиглэсэн Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх ажлын туршлага” сэдвээр “Дасан зохицохуйн зам: Малчин-Мал-Тал хээрийн нэг эрүүл мэнд” төслийн удирдагч Б.Батхишиг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
COP17-ын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлгээр зах зээлийн эрэлтэд суурилсан малын чанар сайжруулах, мал үржүүлгийн мэргэжлийн үйлчилгээг малчдад хүртээмжтэй хүргэх, чанартай түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг бий болгох чиглэлээр цаашид хөгжүүлэх боломжтой түншлэл, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийн чиглэлийг тодорхойлсноороо ач холбогдолтой болов. Тухайлбал, орон нутгаас ирсэн малчид бэлчээрийн доройтол, байгаль, цаг уурын өөрчлөлтөд зохицож, ямаан сүргийн тоо толгой, сүргийн бүтцийг хадгалах, үүлдэр угсааг сайжруулах, ноолуурын гарц, чанарыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж байв. Энэ талаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд өсгөн үржүүлдэг цагаан ямааны жишээн дээр тулгуурлан ярилцсан. Олон улсын оролцогчдын хувьд ноос, ноолуурын үйлдвэрлэлийн экологид үзүүлэх нөлөө, зах зээлийн үнэ, бодит өртгийн харьцаа, эдийн засгийн ач холбогдлын талаар сонирхож, энэ талаар үйлдвэрлэгчид болон салбарын мэргэжлийн байгууллагуудаас хариулт авлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Монголын тогтвортой ноолуурын салбарын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар гол оролцогчдын стратегийн санал, зөвлөмжийг нэгтгэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлд нийлүүлэгдэж буй түүхий ноолуурын 40 орчим хувийг бүрдүүлдэг. Ноолуурын анхан шатны үйлдвэрлэлд Монгол Улс, БНХАУ голлох байр суурь эзэлдэг бол өндөр үнэ цэн бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр Итали, Их Британи зэрэг орнууд тэргүүлж буй юм.

Малын гаралтай түүхий эдэд суурилсан хөнгөн үйлдвэрлэлээ дэлхийн жишигт нийцүүлэн өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, эх орон даяар хэрэгжүүлж байна.

Хөдөлгөөний үр дүнд дотоодын үйлдвэрүүд 6,000 тонн орчим ноолуур бэлтгэж, нийт түүхий эдийн 70 орчим хувийг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч боловсруулсан нь түүхэн үзүүлэлт болсон. Мөн самнасан ноолуурын экспортын орлого 2025 оны эцэст 332.5 сая ам.доллар болж өссөн. Мөн ноолуурын үйлдвэрлэл өнгөрсөн онд биет хэмжээгээр тав дахин нэмэгдэж, 4023.4 тоннд хүрсэн юм. Харин арьс ширний салбарт 1.2 сая ширхэг богийн арьс, 500 мянган ширхэг бодын шир түүхий эд бэлтгэх нөхцөл бүрдэж, ноосны салбарт 20,000 тонн хонь, тэмээний ноос, хөөвөр бэлтгэжээ.



























































