
АНУ-ын үндэсний нийт өр анх удаа 40 их наяд ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын Сангийн яамны мэдээллээр наймдугаар сарын 18-ны байдлаар нийт өр 40.047 их наяд ам.доллар болсон байна. Энэ өрийн 32.266 их наяд ам.доллар нь олон нийт болон хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй төрийн өр, харин 7.782 их наяд ам.доллар нь засгийн газрын байгууллагуудын хоорондын өр байна.щ
АНУ-ын төсвийн зарлага орлогоосоо давсан хэвээр байгаа нь өр нэмэгдэх гол шалтгаан болж байна. Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийн зардал, өрийн хүүгийн төлбөр өсөж байгаа бол татварын орлого хангалттай хэмжээнд нэмэгдэхгүй байна.
Сонирхолтой нь АНУ-ын үндэсний өр 2026 оны гуравдугаар сард 39 их наяд долларт хүрснээс хойш ердөө тав хүрэхгүй сарын дотор дахин нэг их наядаар нэмэгджээ. Харин 2017 онд Дональд Трамп анх ерөнхийлөгчөөр сонгогдох үед улсын өр ойролцоогоор 19.95 их наяд доллар байсан юм.
Өрийн хэмжээ ийнхүү нэмэгдэхийн хэрээр АНУ-ын Засгийн газар жил бүр асар их хэмжээний хүү төлөх шаардлагатай болж байна. 2026 оны санхүүгийн жилд өрийн хүүгийн төлбөр 1 их наяд доллараас давах төлөвтэй байгаа нь төсвийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Мөн их хэмжээний өр нь АНУ-ын Засгийн газрын бондын зах зээлд дарамт учруулж, зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн яам урт хугацааны бондын зах зээлийг тогтворжуулахын тулд бонд эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө нэмэгдүүлэх алхам хийжээ.
Л.Баяр

























































