
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Ирантай хийж буй дайны үеэр 757 америк цэргийн алба хаагч шархадсан байна. Мөн мөргөлдөөн эхэлснээс хойш 18 цэргийн алба хаагч амь үрэгдсэн гэж Пентагоны хохирлын мэдээллийн сан бүртгэжээ.
Хохирогчдын дийлэнх нь АНУ-ын Армийн цэргүүд бөгөөд 580 гаруй армийн алба хаагч шархадсан байна. Үүнээс гадна 86 тэнгисийн цэрэг, 64 нисэх хүчний алба хаагч, 19 тэнгисийн явган цэрэг шархаджээ.
Пентагон шархадсан цэргүүдийн гэмтлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч ихэнх гэмтэл нь тархины гэмтэлтэй холбоотой гэж албаныхан мэдээлсэн байна. Ийм төрлийн гэмтэл нь пуужин, нисгэгчгүй онгоцны цохилтын үеийн дэлбэрэлт, хүчтэй доргилтоос үүсэх боломжтой.
АНУ-ын Батлан хамгаалах яам долдугаар сарын сүүлээр хохирлын бүртгэлдээ “Overseas Operations” буюу “Хилийн чанад дахь ажиллагаа” гэсэн шинэ ангилал нэмсэн байна. Үүний улмаас Ираны дайнтай холбоотой хохирлын тоог өмнөх бүртгэлтэй нэгтгэн тооцох шаардлагатай болсон аж.
Энэ тоо нь Ирантай хийж буй дайны АНУ-ын талд үзүүлж буй хүний хохирол нэмэгдсээр байгааг харуулсан томоохон үзүүлэлт болж байна. Ялангуяа шархадсан цэргүүдийн олонх нь тархины гэмтэл авсан гэх мэдээлэл нь дайны урт хугацааны эрүүл мэндийн үр дагаварт анхаарал хандуулахад хүргэж байна.
Л.Баяр

























































