
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. Харамсалтай нь олон оюутны ирээдүйг шийдэх уг чухал шалгалтын үеэр зохион байгуулалт, хариуцлагын олон асуудал үүсчээ. Энэ нь МУИС-ийн удирдлага, холбогдох албаныхны хариуцлагын тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатай болсныг харуулж байна.
Тодруулбал, МУИС-ийн Сэтгэл судлалын хөтөлбөрт шилжин суралцах хүсэлтэй оюутнуудаас энэ сарын 14-ний өдөр шалгалт авчээ. Энэ үеэр доорх асуудлууд үүссэн байна.
- Шалгалт 11:00 цагт эхлэх байсан ч шалгалт авах багш цагтаа ирээгүй.
- Шалгалтын хуваарь эрт гарсан учир анги танхим бэлэн байх ёстой. Гэвч шалгалтыг товлосон анги ширээ, сандалгүй байжээ. Улмаар зохион байгуулагчид боломжтой анги, танхим хайж багагүй хугацаа алдсан.
- Шалгалтын өмнө хуулах хориотой талаар шалгуулагчдад сануулсан. Гэтэл хэд хэдэн хүүхэд хуулж, тэдний заримд нь удаа дараа сануулсан ч ангиас гаргаагүй, харин зармыг нь сануулгагүй шууд хөөж гаргасан байна. Үүн дээр тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэж болно.
- Шалгалтын дараа зохион байгуулагчид зарим оюутанд давуу байдал олгож, танхимд үлдээсэн байна.
- Шалгалтын хариуг мэдээлэх явцад мөн будлиан гарчээ. Тухайлбал, тэнцээгүй оюутанд “ТЭНЦСЭН”, тэнцсэн оюутанд “ТЭНЦЭЭГҮЙ” хэмээн утсаар мэдэгдэж, улмаар имэйлээр ч буруу мэдээлэл хүргэсэн байна.
- Шалгалтын хариуг мэдээлэх ёстой сайт нь гэнэт ажиллахаа больсон.
- Шалгалтын хариу тухайн өдрөө гарна гэж мэдээлсэн ч хэдэн өдрийн дараа гарсан. Үүнээс болж шалгуулагчдын дунд эргэлзээ үүссэн.
МУИС жил бүр ийм шүүмжлэлд өртдөг ч өмнөх алдаанаасаа сургамж авч зохион байгуулалт, хариуцлагаа сайжруулахын оронд давтсаар байгаа нь харамсалтай. Үүнийг тойрсон хээл хахууль, шударга бус байдалтай холбоотой олон хардлага байдаг. Энэ асуудалдаа МУИС-ийн шалгалтын комисс хариуцлага хүлээх нь зүйтэй.
Шалгалтын үеэр гарсан зөрчил, зохион байгуулалтын алдааг нягтлан шалгаж, шаардлагатай гэж үзвэл шалгалтыг хүчингүй болгох, дахин зохион байгуулах, цаашлаад оюутнуудын эрх ашгийг хохироосон багш, ажилтанд хариуцлага тооцохыг шаардаж байна. Бид МУИС-ийн шилжин суралцах шалгалтыг тойрсон энэ мэт асуудлыг цувралаар хүргэх болно.






















































