
-Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ
2026 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоо хуулийн агуулгаас илүүтэйгээр тухайн хуулийг хэлэлцсэн процесс өөрөө хуульд нийцсэн эсэхийг хамгийн түрүүнд нягтлах шаардлагатай гэх шүүмжлэл гарч байна. Үүнд, Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцэх явцад орлон санал өгсөн байж болзошгүй болон ажлын хэсгийг байгуулахдаа хууль зөрчсөн байх магадлалтай гэсэн асуудал хөндөгдсөн бөгөөд одоогоор үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт хүртэл гаргаад байна.
Хуралдааны танхимд байгаагүй гишүүний “дэмжсэн” саналыг хэн дарсан бэ?
6 дугаар сарын 25-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон О.Амгаланбаатар нар ирцээ бүртгүүлсэн боловч санал хураах үед хуралдааны танхимд биечлэн байгаагүй. Гэсэн хэдий ч санал хураалтын үр дүнд хоёр гишүүн хуулийн төслийн 2 болон 3 дугаар зүйлийг хасах саналыг дэмжсэн гэж бүртгэгджээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар гишүүн санал өгөх эрхээ өөрөө биечлэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд санал өгөх эрхээ өөр гишүүнд шилжүүлэх, эсвэл өөр гишүүний өмнөөс санал өгөхийг хориглодог. Мөн ирцээ бүртгүүлсний дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон гишүүнийг тухайн асуудлыг эсэргүүцсэн санал өгсөнд тооцдог. Тиймээс тухайн хоёр гишүүн үнэхээр суудалдаа байгаагүй бол албан ёсны шалгалтаар өөр гишүүн тэдний өмнөөс товчлуур дарсан эсэх, санал хураалтын системд алдаа гарсан эсэх, дүрс бичлэг болон орж, гарсан бүртгэлд юу тэмдэглэгдсэн зэрэг нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой. Учир нь, нэг гишүүний санал гэдэг тухайн гишүүний хувийн өмч бус, сонгогчдоос түүнд шилжүүлсэн төлөөлөх эрхийн хэрэгжилт бөгөөд хэрэв өөр хүн түүний өмнөөс саналыг нь өгсөн бол ард түмний хүсэл зоригийг зохих ёсоор тусгаагүй гэж үзэх боломжтой.
Хуулийн төсөл санаачлагч ажлын хэсэгт оролцох нь зүй ёсны хэрэг үү?
Өөр нэг асуудал нь 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын даргын 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг юм. Энэ удаагийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэгт уг хуулийн төслийг хамтран санаачилсан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мөн гишүүнээр оролцжээ. Гэвч одоо мөрдөгдөж буй УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт тодорхой төрлийн ажлын хэсэгт хуулийн төсөл санаачлагч оролцох боломжгүй гэж заасан байдаг. Учир нь, санаачлагч өөрийн хуулийн төслийг тайлбарлаж, санал бодлоо илэрхийлэх болон хянан хэлэлцэж, зохицуулалт хийх байгууллагын албан ёсны гишүүнээр оролцох нь огт өөр асуудал юм. Хэрэв санаачлагч ажлын хэсгийн дотор нэмэлт, өөрчлөлтийн санал боловсруулах болон хэлэлцүүлгийн чиглэлд шууд оролцсон бол хуулийн төслийг хянан хэлэлцэх ажиллагааны бодитой, хараат бус байдалд эргэлзээ үүсэхээс өөр аргагүй. Хэрэв УИХ-ын даргын захирамж хэдий ч ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоотой ийм эргэлзээ үүсэж байгаа бол уг ажлын хэсгийн үйл ажиллагаанд тулгуурлан гарсан хэлэлцүүлгийн үр дүн, мөн анхны хэлэлцүүлэг болон эцсийн хэлэлцүүлэг бүхэлдээ хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлах шаардлагатай болно.

























































