
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "12 аймагт сүүлийн хоёр сард баавгай орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Хоёр хоногийн өмнө Улаанбаатарт орж ирсэн дуудлага бүртгэгдсэн. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, идэш тэжээл буурсантай холбоотой. 1980-аад оноос хойш бид хүрэн баавгайгаа тоолоогүй байна. Тиймээс ойрын хугацаанд тоолно. Хангайн уул хаданд алхдаг ард иргэд сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутагт ургац хураалт, самар жимс түүж, ан гөрөө хийж байгаа иргэд сэрэмжээ нэмэх шаардлагатай байгааг анхааруулъя.
Улсын байцаагч нар маань "улаан" гараараа буюу мотоциклтой нь унаад, тээврийн хэрэгсэлгүй нь явганаар хүрч очин олс дээсээр бугуйлдаж баавгайтай тэмцэж байна. Багаж, зориулалтын хэрэгсэл байдаггүй. Орон нутагт авран хамгаалах, зэрлэг амьтдыг барих зориулалтын хэрэгсэл байхгүй тул эхний ээлжид унтуулдаг буу, үргээх цацлага авахаар богино хугацаанд гаднаас импортолно. Нөгөө талдаа төсөв дутуу байгаагаас байцаагч, байгаль хамгаалагчид шатахуунаа өөрсдийн зардлаас гаргадаг. Тиймээс дээрх асуудлыг ЗГ-т танилцуулж улсын нөөцөөс 1.88 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ" гэв.


























































