
Энэхүү “Санамж бичиг”-ийн зорилго нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах хамгаалах замаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн үндэсний чадавхийг дайчлан хамтран ажиллахад оршиж байгаа юм. Талууд хамтын ажиллагааны хүрээнд:
1. “Ирээдүйн Монгол: Тогтвортой хөгжлийн судалгаа” 10 жилийн хөтөлбөр хамтран боловсруулж хэрэгжүүлэх. Олон улсын 10 жилийн хөтөлбөр (Future Earth Research for Global Sustainability) -тэй хамтран ажиллах.
2. Ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах.
3. Биологийн төрөл зүйлийн чиглэлээр: Ховор, нэн ховор ан амьтан, ургамлын нөөцийг судлан тогтоож, түүнийг өсгөх, үржүүлэх, тарималжуулах арга техник, технологийг боловсруулж, нэвтрүүлэх, биологийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах, үндэслэл боловсруулах.
4. Байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр: Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах болон усны нөөц хомс газруудад хөв цөөрөм байгуулах замаар усны нөөцийг арвижуулах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, түүнчлэн Монгол орны ойн дагалт нөөц, баялгийг судлан тогтоох, Монгол орны ой ургамалжилтын муж тус бүрийн онцлог, ялгаанд таарсан ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах ажлын технологи, оновчтой хувилбар боловсруулах, хөрс, ус, орчны бохирдлыг бууруулах шинэлэг технологийг судалж нэвтрүүлэх.
5. Цөлжилтийн чиглэлээр: Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах
6. Уур амьсгалын чиглэлээр: Уур амьсгалын өөрчлөлт, түүний цаашдын чиг хандлагыг тогтоож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах бодлого тодорхойлоход дэмжлэг үзүүлэх.
7. Байгаль орчны нөхөн сэргээсэн байдалд шинжлэх ухаан, технологийн үнэлгээ хийх чиглэлээр хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны хугацаанд судалгаа шинжилгээний ажлыг цогц, өндөр үр ашигтай байхад илүү анхааран ажиллана. “Санамж бичиг”-ийн биелэлтийг 2016 он дуустал жил бүрийн эцэст дүгнэн тайлагнаж байх юм.
Сэтгэгдэл (2)