
Тус агентлагаас англи, орос, хятад, япон зэрэг хэлээр өдөр тутам болон долоо хоног тутамд сонин, сэтгүүл бэлтгэн гаргадгийн зэрэгцээ цахим хуудсаараа дамжуулан үйл явдлын шуурхай мэдээллийг мөн таван хэлээр дэлхий дахинаа хүргэж байна. Вэб сайтад нь л гэхэд өдөр тутамд 42-45 орны уншигчид ханддаг ажээ.
Гадаадын уншигчдын зүгээс Монголын мэдээллийг, тэр дундаа улс төрийн байдал, уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалт бизнесийн орчны талаар сонирхон эрэлхийлэх хандлага ихээхэн өсч байгаа учир олон улсын жишгээс хоцрохгүйн тулд цаашид ашиглаж буй технологио шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг тус агентлагийн захирал А.Баатархуяг Ерөнхий сайдад танилцуулсан юм. Гадныхны сонирхож буй сэдвүүдээрх төр засгийн бодлого шийдвэрүүдийг тоймлон хүргэх, хоцрогдсон бүдүүлэг ард түмэн гэх маягаар тэдний дунд яригддаг Монголын талаарх төсөөллийг өөрчилж, эх орныхоо өнөөдрийн дүр төрхийг нээн харуулах чухал үүрэгтэй ажиллаж байгаа МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааны болон технологийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Иймд хийх шаардлагатай шинэчлэлийн саналаа дэлгэрэнгүй танилцуулахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.