
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол М.Энхсайханыг дөрвөн зүйлээс болж огцоруулахаар Шинэчлэлийн Засгийн газрынхан сэм тохиролцсон байжээ. Нэгдүгээрт, бондын мөнгөний зарцуулалт, хоёрдугаарт төмөр замыг өргөн нарийн цагирагийн алинаар нь тавих тухай маргаан, гуравдугаарт М.Энхсайханы үгэнд ордоггүй зөрүүд гөжүүд зан, дөрөвдүгээрт М.Энхсайхан Ардчилсан намын дотоод зөрчлийг сайтар судалж, сайдуудынх нь сонирхлоор хожим улс төр хийж мэднэ гэсэн болгоомжлол нь ажлаас чөлөөлөх улс төрийн үндэслэл болжээ.
Үнэхээр М.Энхсайхан бондын мөнгөний зарцуулалтаас Засгийн газрын гишүүдээс тэс өөр байр суурийг баримталж байж. Тэрээр бондын мөнгийг олон зүйлд биш ганц зүйлд, тэр тусмаа хэсэг хэсэг газар биш, нэг газар төмөр зам тавихад зарцуулах ёстой гэсэн байр сууринаасаа буцахгүй байжээ. Энэ нь сайд Х.Баттулгын байр суурийг сүрхий зөрчөөд байж. Х.Баттулга сайд болохоор бондын мөнгийг олон зүйлд, тэр тусмаа дөрвөн хэсэг чиглэлд төмөр зам барихад зарцуулах хэрэгтэй гэсэн бодлого баримталсан бололтой.
М.Энхсайхан төмөр замын царигийг нарийн байх ёстой гэж үзжээ. Харин Х.Баттулга өргөн байх ёстой гэж хэдэн жилийн өмнөөс ухуулан сэнхрүүлж ирсэн. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өргөн байхаар Х.Баттулга өнгөрсөн жил тусгуулж чадсан л даа. Тухайн үед энэ асуудлаас болж бөөн юм болсныг олон хүн санаж байгаа. Тэгэхэд ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй олон улс төрчид нарийнийг дэмжиж байсан ч бодлогодоо өргөн гэж тусгагдсан гэдэг. Бодвол томоохон улс төр далд нөлөөлөл ч орсон байж мэдэх. М.Энхсайхан ажлын хэсгийн хуралдаан, Засгийн газрын уулзалтуудад энэ бодлогоосоо ерөөсөө буцахгүй байсан нь ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болжээ. Угаасаа шинэчлэлийн засаг өргөнөөр тавих гэж байгаа бол М.Энхсайханыг өөрчилж байж л тавихаас өөр аргагүй. Тэр бодлогоосоо буцах хүн биш.
Нэгэнт М.Энхсайхан ийм хоёр хатуу байр суурьтай байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг шийдвэртэй алхам хийхэд хүргжээ. М.Энхсайхан бол өөрийнхөөрөө зөрүүд гөжүүд гэдгээрээ зартай. Түүнээс яаж ч гуйгаад байр сууриа өөрчлөхгүй. Харин хожим хэн юу гэж хэлж гуйж байсан талаар сайхан улс төр хийж мэдэх учир гарцаагүй ганцхан шийдэл байжээ. Тэр нь М.Энхсайханыг өөрчлөх.
Сонирхолтой нь М.Энхсайхан ажлаасаа чөлөөлөгдөөд хамгийн түрүүнд олон нийтэд хандан интернетээр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Харин бондын мөнгийг төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг шигээр зарцуулбал хойч үеийнхээ өмнө хийж байгаа хамгийн том "гэмт хэрэг" билээ”, “Бүтэлгүй зүйлд бондын хөрөнгийг зарцуулбал "ял" асуух хууль хэрэгтэй” хэмээн бичиж үлдээжээ. Түүний энэ үг хэнд хандсан нь ихээхэн анхаарал татна. Ерөнхийдөө ажлаасаа чөлөөлөгдсөн М.Энхсайхан ээлжит давшилтынхаа үзүүрийг сайд Х.Баттулга руу чиглүүлжээ. Удахгүй энэ хоёр эрхмийн дунд бондын мөнгийг яаж зарцуулах, төмөр замын царигийн сонголтын талаар өргөн маргаан өрнөх нь тодорхой боллоо. Үүнийг дагаад улс төрч үзүүштэй болно доо.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)