
Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт балетаа П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олсонгүй.
Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулга, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нарын бүжгийн шинэ дэглэлт дэлхийд алдаршсан юм. 1877-2-20-нд Москвагийн Их театрт анх тоглосон.
Манай тайзнаа 1975-6-28 нд анх тоглогдож байсан.
Энэ балет Үзэсгэлнт гүнж Одетта, ханхүү Зигфрид нарын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Одетта ордны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч, цэцэг түүж явсаар хорон санаат шидэт хар шувуу Ротбартад баригдав. Ротбарт түүнийг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргадаг ажээ.
Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай ханхүү Зигфрид буу шийдмээ бэлдэж, нөхдийн хамт анд гарлаа. Сартай шөнө. Алс тэртээд нуурын ус цэлэлзэн, аймшигт хадан хавцал ёрдойн үзэгдэнэ. Нууранд хөвөх сүрэг хунгийн сүүлчийн толгой дээрээ титэмт хун бол үзэсгэлэнт гүнж Одетта юм. Гэнэт хадан хавцал гэрэлтэн, титэмт хун залуу бүсгүй болон хувирч, уйтгартайяа бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд эзэмдүүлсэн ханхүү түүний замыг хаан зогсов. Одетта ханхүүд өөрийн гунигт түүхээ ярих бөгөөд Одетта болон түүнийг хүрээлэн буй хүүхнүүд бүгд хорон санаат Ротбартын илбэнд өртөн хохирогсод билээ. Өдөр нь бүгд хун шувуу болж, зөвхөн шөнийн цагаар хүүхнүүд болон хувирдаг тавилантай ажээ.
Ханхүү Зигфрид хорон санаат Ротбарттай тулалдан ялж, өөрийн хайрт бүсгүй Одеттагаа авран, амраг хос жаргалын замдаа ороход хорвоо ертөнц баяр хүргэх шиг наран мандана.
Одетта бол төгс төгөлдөр хайр дурлалын бэлэгдэл болсон дүр юм.
Т.Хулан