

Тэмцээнд 18-75 насны нийт 40 тамирчин оролцсоноос хамгийн ахмад нь 75 настай Б.Сүхбаатар, 64 настай Жимсээ нарын ахмадууд байв.
Анхдугаар тэмцээний тэргүүн байрыг М.Дэлгэрдалай, хоёрдугаар байрыг Ц.Цэдэвсүрэн, гуравдугаар байрыг Ц.Бат-Эрдэнэ нар эзэлсэн бол Б.Аръяа, Р.Намсрай, Ш. Мөнхбат нар спортын нэгдүгээр зэргийн болзол хангаж үнэмлэхээ гардаж авлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд тэмцээний ажиллагааг хааж хэлсэн үгэндээ, УИХ-ын даргын нэрэмжит шатрын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөснийг тэмдэглээд орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, шатар сонирхогчдын урам зориг, идэвх санаачлагыг өрнүүлэхэд ихээхэн тус дэм болсон энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгож зохион байгуулна гэдгээ онцоллоо гэж тус аймгаас М.Ганбат мэдээлэв.
Түүнчлэн Хэнтий аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Шатрын холбооны бүрэлдэхүүнтэй зохион байгуулах ажлын хэсэг УИХ-ын даргын нэрэмжит энэхүү анхны тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд өргөн олныг хамруулах зорилгоор шатрын спортоор олон жил хичээллэж тоглосон зарим тамирчдын саналыг үндэслэн шатар тоглогчид, жирийн сонирхогчид гэсэн ангиллаар хоёр хэсэгт хуваан тоглуулах санал гаргасны дагуу тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Хэрлэн, Баянхутаг, Мөрөн, Батширээт, Батноров, Бор-Өндөр, Өмнөдэлгэр сумын нийт 55 шатарчин хоёр ангилалд өрсөлдөж, долоон өрөг тоглосон юм.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах тэмцээнийг нээж, Ардын Их Хурлын депутат асан С.Ганболд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн талаар товч мэдээлэл өглөө.
Тэмцээнийг илүү сонирхолтой болгох үүднээс шатрын спортын мастер Ч.Эрдэнэ-Очир аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа 10 тамирчинтай близ тоглолт хийж байна гэж тус аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан С.Бат-Эрдэнэ мэдээллээ.