

Боловсролын тухай шинэ хуулиар аймаг, дүүргийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг тухайн орон нутгийн Боловсролын газрын дарга батлах юм байна. Тиймээс нийслэлийн боловсролын газраас сурагчдын дүрэмт хувцасны загварыг батлахын тулд загварын товчоод, дизайнеруудын дунд уралдаан зарлаад байгаа юм. Шалгаруулах загвартаа гурван үндсэн шалгуур тавьж байгаа бөгөөд хамгийн гол нь хүүхдүүдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон загварыг сонгох гэнэ. Мөн материалын стандартыг тавьж, үнэлгээ даах чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан байх эсэхийг хянах аж. Гуравдахь нь өнгө загвар сайн ч өндөр үнэтэй байхгүй байхыг уралдаанд оролцогсдод анхааруулжээ. Ямар ч байсан дундаж үнэтэй байх хэрэгтэйг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэллээ.
НБГ-аас мастер загварыг батлаад, дүүргүүд тэндээс өөрийн дүрэмт хувцасаа сонгох юм. Мастер загварыг баталсны дараа ч тухайн загвар дизайны товчоодтойгоо хамтарч ажиллах юм. Учир нь үйлдвэрлэлийн явцад, Мэргэжлийн хяналт болон, загварын товчоодоор яг загварын дагуух материал, хийц мөн үү гэдгийг хянуулах юм байна. Нийслэлд л гэхэд 190 мянган хүүхдийн дүрэмт хувцас хийх ажил гараад байгаа юм. Энэхүү ажил ирэх есдүгээр сарын 1 гэхэд бүх сурагчид дүрэмт хувцастай болсон эсэхээр дүгнэгдэх юм.
Аймаг дүүрэг нэгдсэн загвартай байх хуультай болохоор төрийн, төрийн бус сургууль гэж ялгагдахгүй. Гэхдээ лого, зангиа гэхчлэн дагалдах жижиг хэрэгслийн хувьд сургууль бүр өөр байж болох юм байна.