
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, шуурхай зөвлөлгөөнөөр холбогдох албан тушаалтнуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт тааруу байгааг дурдаад, цаашид иймэрхүү байдалтай ажлаа үргэлжүүлбэл хатуу арга хэмжээ авна. Улс төрийн аливаа шахалт, дарамт, лобби огтхон ч хамааралгүйгээр хариуцлага тооцно гэдгийг нийт нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа рекламны самбаруудыг 3 дугаар сарын 1 гэхэд буулгасан байх ёстой боловч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл жишээ болгон дурдсан юм. Мөн удахгүй нийслэлд хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан хаана, ямар газарт хэрхэн хугацаанд хийж гүйцэтгэх талаар иргэдийг мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл учруулахгүйгээр ажлаа чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргүүдийн төсвийн тодотголыг энэ долоо хоногтоо багтаан хийж, аливаа жижиг асуудал тухайлбал орон сууцны дээвэр, цахилгаан шат зэрэг асуудлуудыг харьяа дүүргүүдэд нь шилжүүлж шийдвэрлүүлдэг болох талаар чиглэл өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.