
Энэ удаагийн уулзалтанд Гадаад улс, орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид болон НҮБ-ын ХХААБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон холбогдох бусад газрууд өргөнөөр оролцож тус салбарт цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон үр дүнтэй уулзалт болон өндөрлөлөө.
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.ЗОЛЖАРГАЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Та бүхний өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын амин чухал салбар болох үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээл болон бусад давагдашгүй байгалийн хүчин зүйлсээс хамаарч байдаг тус салбарт байнгын тусламж, дэмжлэг үзүүлдэг донор орнууд, донор байгууллагын төлөөлөгчиддөө талархал илэрхийлье.
Тус яамны зүгээс жил бүр зохион байгуулдаг энэхүү зөвлөлдөх уулзалтыг энэ жил Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц зохион байгуулалтаар бий болсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам - Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг бүхэлд нь хариуцан ажиллах болсоноос хойш анх удаа хийж байгаагаараа онцлог болж байна.
Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, төрөлжүүлэн хөгжүүлэх, түүхий эдийн нөөцөө үр өгөөжтэй ашиглах зорилтын хүрээнд боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хэдийгээр бид Үйлдвэржүүлэх бодлогод тэргүүлэх ач холбогдлыг өгч байгаа ч хүн амыг эрүүл найдвартай хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах учиртай хөдөө аж ахуйн салбарыг орхихгүй. Нэгэнт хүрсэн ололт амжилтыг бататган цаашид тогтвортой хөгжүүлэхийг чухал зорилтоо гэж үзэх болно.
Та бүхэнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас тавьж буй зорилтыг товч танилцуульяа. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулах болно.

Хөнгөн үйлдвэрийн салбарт: Хөдөлмөрийн багтаамж ихтэй энэ салбарыг бодлогоор дэмжиж Үйлдвэр технологийн паркууд байгуулан кластераар хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс ширний түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх бодлого барьж байна. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгө, техник, технологийн шинэчлэл хийх санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зорилгоор Засгийн газрын бонд гаргах асуудлыг шийдвэрлэж эхлэсэн. Энэхүү хүчин чармайлтыг бодит ажил хэрэг болгох үйлст ноос, ноолууран утас, давуу ээрэх, нэхэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурын тансаг “брэнд” бий болгох, гадаад зах зээлд гаргахад Итали, Япон, Герман, арьс ширний боловсруулах үйлдвэрийн салбарт Итали, Турк, Солонгос, Чех зэрэг улс орнуудтай хамтран ажиллах, оёмол, бэлэн хувцас, бүтээгдэхүүний гадаад зах зээлийг бий болгох гээд олон асуудлууд шийдвэрээ хүлээж байна.
Мал аж ахуйн салбарт: Мал аж ахуйн салбарт шинэчлэл хийх хүрээнд 155 мянга гаруй малчин өрхийг хоршоолох нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх, ялангуяа төвлөрсөн хот суурингийн хүн амын мах, сүүний хангамжийг сайжруулах, мал сүргээ эрүүлжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Хөдөө аж ахуйн хоршоо, эрчимжсэн фермийн аж ахуй өндөр хөгжсөн Герман,Франц Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны арга туршлагаас суралцах, тэдний дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахыг зорьж байна.
Хүнсний салбарт: Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хангамжийг нэмэгдүүлэх, өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, импортыг орлох хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монголын малын болон ургамлын гаралтай “органик” хүнсний бүтээгдэхүүнийг бий болгон экспортлох, хүнсний бүтээгдэхүүний логистикийн сүлжээг сайжруулах зэрэг олон зорилтыг дэвшүүлээд байна. Дээрх зорилтын хүрээнд Франц, Япон, АНУ, БНСУ зэрэг органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт, үйлдвэрлэлээр тэргүүлдэг улс орнуудтай хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсч байна.
Газар тариалангийн салбарт: Өнгөрсөн жилүүдэд улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангасан амжилтаа ахиулан тариалангийн үйлдвэрлэлийг баруун, зүүн бүсэд сэргээн хөгжүүлэх, төвийн бүсэд эрчимжүүлэн тогтворжуулах, улмаар экспортын баримжаатай хөгжүүлэх, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт тавиад байна. Энэхүү зорилтын хүрээнд үр тарианы үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон дэлхийн шилдэг технологийг бүрэн нэвтрүүлэх техникийн боломжийг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд гадаадын улс орнуудын шилдэг, тэргүүний техник, технологийг нэвтрүүлэхэд газар тариалангийн салбарт дэлхийд тэргүүлдэг Канад, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Голланд, Израйль зэрэг орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт дэвшүүлсэн дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд өөрийн орны түүхий эдийн нөөц боломж, түншлэгч орны хөрөнгө санхүү, техник технологийн давуу талыг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын өндөр технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах, техник, технологийн шинэчлэл хийхтэй холбогдсон хөнгөлттэй зээл, лизингийн үйлчилгээ болон санхүүгийн бусад боломжит эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаг үеэ олсон мэдээ, мэдээллээр хангахад Донор байгууллага та бүхний дэмжлэг туслалцаа, идэвхи санаачлага ихээхэн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
Олон Улсын банк, санхүүгийн байгууллагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк та бүхэнтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн Та бүхний бодит, ажил хэрэгч аливаа санал, зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно.
Та бүхний өндөр хариуцлагатай ажилд тань амжилт хүсч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Анхаарал тавьсанд баярлалаа.