Сингапур улсад төвтэй олон улсын байгууллагаас бидний бие засах ариун цэврийн байгууламжийн өдрийг тэмдэглэж байна. Энэ нь манай улсад анх удаа явагдаж байгаа юм. 10 дахь жилдээ жорлонгийн өдрийг тэмдэглэж, эгнээндээ 56 улс орны 200 гаруй байгууллагыг нэгтгэжээ. Өнөөдөр дэлхий дээр шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг 2.6 тэрбум хүн хэрэглэх боломжгүй байгаа гэнэ. Эрүүл ахуй, байгальд хоргүй, орчиндоо сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламж нь манай улсад маш их дутагдалтай байдгийг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, нийт монголчуудын 65 хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, 63 хувь нь гэр хороололд аж төрж сууна. Гэтэл орон сууцанд, стандарт ариун цэврийн суултуур, угаалтуур зэргийг хэрэглэдэг хүмүүс өдөртөө л 112 литр усыг жорлонгийн ус татахад зарцуулдаг ажээ. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 95 хувь нь өөрийн бие засах газартай. Эдгээр жорлонгийн 97 хувь нь газарт ухсан, нүхэн бие засах газар аж. Ингэснээр эрүүл ахуй, байгаль орчин, хөрс бохирдол, халдварт өвчний үүсвэр гээд олон асуудлыг араасаа дагуулдаг. Нийслэл хот 370 гаруй жилийн түүхэндээ ийм л байдалтай байжээ.
Монголд анх удаа тэмдэглэж буй ариун цэврийн байгууламжийн өдрийг Усны газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Сити Тойлет” төсөл, МУЗН, ЮНИСЕФ, Таван Богд ХХК зэрэг байгууллага зохион байгуулж байгаа юм. Олон улсад энэ өдрөөр жорлонгийн асуудлыг сайжруулахад анхаарал хандуулан тэмдэглэдэг аж. Жишээлбэл, Англид энэ өдөр “Голден Поо” нэртэй олон улсын уран бүтээлийн уралдаан болдог. Сайхан бие засах газар, эрүүл ахуйн дадал зэргийг ийнхүү илэрхийлж сурталчилдаг гэнэ. Богино хүүхэлдэйн кино, өгүүллэг нийтлэл зэрэг аргыг сонгож олон нийтэд хүргэдэг аж. Энэ бүхний төгсгөлд дээрх 2.6 тэрбум жорлонгүй хүмүүст туслах зорилготой юм.
Б.Ганбилэг