Монгол улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн II хуралдаан өчигдөр АНУ-ын Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн АОХН-ийг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал удирдан явуулжээ. Тус хуралдаанд Удирдах зөвлөлийн 25 гишүүн орон бүрэн оролцож, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэр гаргасны дотор Гүйцэтгэх хороогоо байгуулж санал нэгтэй батлав. Мөн хуралдаанаар тодорхой шалтгааны улмаас Удирдах зөвлөлөөс нэрээ татах тухай Чех Улсын санал, шинээр гишүүнээр элсэх тухай Коста Рика Улсын саналыг тус тус хүлээн авсан байна. Хуралдааны дараа С.Бадрал Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн санд зочлон АОХН-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаарх сонсголд уригдан оролцож, тус нийгэмлэгийг даргалах хугацаандаа Монгол Улсын баримтлах тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар АНУ-ын төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл, сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийв.
Б.Хуяг