Монгол ардын нам 14 тэрбум гаруй төгрөгөөр бариулсан шинэ байранд гарсан галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Уг галыг нийслэлийн гал унтраах 10, 14, 34 дүгээр анги, Онцгой байдлын шуурхай бүлэг 105 тус тус ажиллаж унтраажээ. Галын дуудлага 11:30 минутын үед ирсэн бөгөөд хэргийн газар ирэхэд хар утаа олгойдон гарч байсан юм. Онцгой байдлынхан байран дотроос хүмүүсийг гаргаж, хэнийг ч дотогш оруулаагүй. Гэсэн ч 10 дугаар давхарт нэг хүн байсан бөгөөд цонх онгойлгоод сууж байв. Улсын төсвөөс зургаан тэрбумыг зарцуулж, иргэд гишүүдийн хандив дэмжлэгээр босгосон уг байрын дээд давхар тэр чигтээ галд автсан гэх мэдээлэл бий. Өвөл, зунгүй барилгын ажил үргэлжилж, өнгөрсөн есдүгээр сард дуусах байсан ч “Өндөрбуянт” компани засал чимэглэлийн ажлаар нээлтийг хойшлуулаад байсан билээ.
Б.Ганбилэг