Одоогоос есөн жилийн өмнө Гомбосүрэнгийн Мөнхбаяр гэдэг хүнээс гадаад паспортыг нь зургаан мянган ам.доллароор худалдан авч Монголоос гарсан гэх нэгэн эр АНУ-д амьдарч байгаа талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Харин тэрхүү Г.Мөнхбаяр нь өнөөгийн Улаанбаатар хотын захирагч юм. Түүнээс гадаад паспорт худалдаж авсан гэх хүнийг Энхбаатар гэдэг, нийслэлийн 17 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийг 1980 онд төгсөгчдийн нэг гэнэ. Энхбаатар нь ийнхүү есөн жилийн өмнө АНУ-д очсон гэх бөгөөд одоо тэнд эмчлүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга 1964 онд төрсөн, өөрөөр хэлбэл тэрхүү Энхбаатараас хоёр дүү юм. Есөн жилийн өмнө Г.Мөнхбаяр нийслэлийн төвд II дөчин мянгат зэрэг бичил хорооллуудыг хариуцдаг орон сууцны конторын ерөнхий инженер байсан бөгөөд ажил үүргийн шугамаар хөөцөлдөн паспортдоо АНУ-ын виз даруулж авсан байсан бололтой. Г.Мөнхбаярын паспортоор АНУ-д нэр бүхий хүн амьдарч байгаа тухай мэдээлэл түүнийг хэдийнэ хотын захирагч болсон хойно албан ёсны байгууллагад ирсэн аж. Холбогдох хүмүүс түүнд энэ тухай цухас дуулган “тандахад” Г.Мөнхбаяр “Би паспорт зарж амьдрах хүн биш” хэмээн шилээ шөргөөжээ. Одоо бол Г.Мөнхбаяр дарга паспортоо зарж өдрийн хоолоо залгуулахааргүй чадалтай болсон нь үнэн, харин есөн жилийн өмнө төсвийн даржин цалингаас өөр орлогогүй жирийн нэг инженер байсан нь бас үнэн билээ.