“Шивээ-Овоо” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржтой ярилцлаа.
“Шивээ-Овоо” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Х.Балсандоржтой ярилцлаа.
- "Шивээ-Овоо" төрийн өмчит компаний лицензийг яагаад "Шинэ шивээ" хэмээх хувийн компанид шилжүүлэх болсон юм бэ?
- Ашигт малтмалын тухай хууль 1996 онд батлагдаж, 1997 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн үед буюу 1997 оны арванхоёрдугаар сарын 3-нд Засгийн газрын 235 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолд нүүрсний 18 ордын лнцензийг олгох асуудлыг шийдвэрлэж, уурхайн нэрсийн жагсаалт, лицензийн дугаарыг зааж өгсон байдаг. Үүний дагуу Шивээ-Овоогийн уурхай тусгай зөвшөорлоө авсан. Энэ үед уурхайн санхүүгийн байдал хүнд, борлуулалтын хэмжээ бага зэргээс шалтгаалан лицензийн төлбөрийг бууруулах зорилгоор бүх талбайд лиценз авч чадаагүй юм. Тэгээд 91 га талбай авч үйл ажиллагаагаа явууллаа. Харин 2005 оны нэгдүгээр сарын 14-нд өөрийн эзэмшиж байсан талбайг өргөтгөх зорилгоор 150 га талбайд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахад "Танайд өгөх талбай байхгүй. Талбайг чинь тойруулаад өөр хүмүүс газрыг нь авчихсан" гэж Ашигт малтмалын газраас бидэнд мэдэгдсэн. Үүнийг сонсоод яагаад ийм юм болчихов гэж судалж, учир зүйг нь олсон л доо.
-Учир зүй нь юунд байв?
-Лицензийг анх хоёр иргэнд олгосон байдаг юм билээ. Тэр хоёр хүн 2004 оны есдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр сарын 25-ны хооронд Шивээ-Овоогийн уурхайг тойруулаад лиценз авсан байгаа юм.
Тэгээд удалгүй буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд Хүрэлцоож захиралтай "Шинэ шивээ" компанид шилжүүлжээ. Ийм зүйл болсны дараа манай компанийн тухайн үеийн удирдлагууд асуудлыг УИХ, Засгийн газар, Үйлдвэр худалдааны яам, Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг газруудад тавьж, нийт 31 удаа хүсэлт, маргааныг гаргасан байдаг. Гэсэн хэдий ч гомдол манай талд шийдвэрлээгүй. Ийнхүү захиргааны хэргийн, давж заалдах шатны, хяналтын шатны шүүхээр орсон ч дандаа нөгөө талд л гарч байсан. Шүүх "Шинэ шивээ" компанид олгосон лиценз хуулийн дагуу байлаа" гэх дүгнэлтийг удаа дараа гаргаж байв. Ингэж гурван шатны шүүхээр явсан ч асуудлыг шийдээгүй болохоор манайхан цаашид хөөцөлдөөгүй орхичихсон юм байна лээ.
-Тэгэхээр та энэ асуудлыг сөхөж тавьж байгаа хэрэг үү?
-Миний хувьд Шивээ-Овоогийн уурхайд ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг судалж, материалуудтай нь танилцсан. Судлаад үзэхэд үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан байгаа юм. Гэтэл үүнийг хууль хяналтын байгууллагууд анхаарч үзээгүй орхисон. "Шинэ шивээ" компаний лицензийг авахдаа ""Шивээ овоогийн уурхайд Шивээ-Овоогийн нүүрсний ордын 042 тоот лицензийг олгосугай" гэх Засгийн газрын 235 дугаар тогтоолыг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуучин хуулиар бол талбайн солбилцлын цэг гэж байдаггүй байсан болохоор ордоор нь лицензүүдийг заадаг байсан юм. Мөн Ашигт малтмалын тухай одоо мөрдөж буй хуулиар бол Ашигт малтмалын газар аймгийн Засаг даргад "Энэ газрыг чинь авах хүсэлт ирлээ. Танайх уг газрыг өгөхийг дэмжиж байна уу" гэх утгатай хүсэлт гаргах учиртай. Тухайн орон нутгаас нь санал асуухгүйгээр Ашигт малтмалын газраас лиценз авчихаад айлын хажууд тэсэлгээ хийх тохиолдол гарсан учир "Лиценз олгохдоо орон нутгийн зөвшөөрлийг авна" гэж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулийн дагуу аймгийн Засаг дарга хүсэлтийг хүлээж аваад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулах ёстой. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг сумын Засаг дарга аймгийн Засаг даргад уламжилна. Тэдний ирүүлсэн шийдвэрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчид хэлэлцэнэ. Тэгээд гаргасан шийдвэрээ аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Үүнийг нь аймгийн Засаг дарга шууд Ашигт малтмалын газар уламжлах учиртай юм. Тэгэхээр "Шинэ шивээ" көмпанийнхан сум орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэх ёстой хуулийн заалтыг зөрчжээ. Гэтэл аймгийн Засаг дарга дур мэдэн "Би дэмжиж байна" гээд хариу өгчихсөн.
-Аймгийн Засаг даргаас энэ талаар тодруулсан уу. Яагаад хууль зөрчин ийм бичиг хийж өгсөн юм бол?
-Аймгийн Засаг дарга "Намайг дээрээс шахаад байсан болохоор би дэмжсэн бичиг хийж өгсөн" гэж ярьдаг юм. Нэг талаас нь харвал аймгийн Засаг дарга зөвшөөрчихсөн учир хуулийн хүрээнд явуулсан юм шиг харагдаж болох. Харин нөгөө талаас нь аймаг, орон нутгийн төлөөлөгчдөөс асуух үйл явц, Засгийн газрын тогтоол хоёрыг зөрчсөн.
-"Шинэ шивээ" компани ямар зөвшөөрөл авсан юм бэ?
-"Шинэ шивээ” компани анх хайгуулын тусгай зөвшөөрөл, авсан юм билээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн нөөцийг нь баталсан орд дээр дахин хайгуулын тусгай зөвшөөрөл өгдөг эрх зүй байхгүй. Уг нь хайгуул хийгээгүй талбай дээр хайгуул хийх гэж тусгай зөвшөөрөл авдаг шүү дээ. Тэгтэл нөөцийг нь тогтоосон ордод дахин хайгуул хийнэ гэж байх ёсгүй. Энэ нь "Шинэ шивээ" компанийн Шивээ овоо ордын лицензийг хууль бусаар авсан нэг үндэслэл юм. Мөн улсын төсвөөр хайгуул хийсэн Шивээ-Овоо стратегийн ордын лиценз эзэмшлийн асуудлыг зөвхөн Засгийн газар шийдвэрлэх ёстой. Энэ тохиолдолд дээр хэлсэн Засгийн газрын 235 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дараагийн шийдвэрийг гаргадаг. Ийм шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй байхад лицензийг өөр компанид олгох эрхгүй юм. Миний хувьд ийм үндэслэлүүдээр "Шивээ- Овоо" компанийн лицензийг хуйвалдаж, хууль бус аргаар авсан гэж үзэж байна.
-Ашигт малтмалын газар нөөцийг нь тогтоосон ордод яагаад хайгуулын лиценз олгосон юм бол. Тухайн үед удирдлага нь хэн байсан юм бэ?
-Удирдлага нь хэн байх нь сонин биш шүү дээ. Би үйл явдлыг он, сартай нь хэлж байгаа болохоор хэн дарга байсныг нь мэдэж болох биз.
-Шивээ-Овоо ордын 85 хувийг "Шинэ шивээ" компани эзэмшдэг билүү?
-Манай компани гурван шатны шүүхэд ялагдсаны дараа Ерөнхий сайд асан С.Баяр Шивээ овоогийн уурхайд очсон байгаа юм. Тухайн үед С.Баяр даргад үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулсан. Ингэхдээ "Монголын дотоодын нүүрс нийлүүлэлтийн хоёр дахь том компани болох Шивээ овоогийн уурхай өөрийн гэсэн талбайгүй болчихсон. Мөн 67.6 сая ам.долларын зээл авч, уурхайн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн. Энэ зээлийг Засгийн газарт төлөх үүрэгтэй. Гэтэл бид ордгүй болчихоор тодорхой хугацааны дараа уурхайн үйл ажиллагаа зогсохыг үгүйсгэхгүй шүү дээ" гэсэн юм. Үүний дараа С.Баяр дарга Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үйлдвэр худалдааны сайдад "Шинэ шивээ" компанитай хэлэлцээр хийх үүрэг даалгавар өгсөн юм билээ. Энэхүү үүрэг даалгаврын үр дүнд Щивээ-Овоогийн ордод нарийвчилсан хайгуул хийсэн нөөц буюу 564.1 сая тонн нүүрсийг буцаагаад төрд өгөх асуудлыг "Шинэ шивээ" компанийнхан зөвшөөрсөн байдаг. Үйлдвэр худалдааны яам "Шинэ шивээ" компанийнхантай гэрээ хийсний үндсэнд 564.1 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн лицензийг Засгийн газарт өгсөн. Гэхдээ Засгийн газар манай компанид өгөөгүй. Харин "Эрдэнэс МГЛ" компанид лицензийг өгчихсөн. Үүнээс болж манай компани одоо өөрийн гэсэн лицензгүй байна. "Эрдэнэс МГЛ" компанийн талбайгаас 200 га талбайг түрээслэн сар бүр 15 сая төгрөг төлдөг. Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоо стратегийн ордын нийт баялгийнх нь 20 орчим хувь, нийт талбайн 15 хувь нь Засгийн газарт байгаа. Харин баялгийнх нь 80 хувь, талбайн 85 хувь нь "Шинэ шивээ" компанид бий.
-Тухайн үед Засгийн газар "Шинэ шивээ"-гээс авсан лицензээ яагаад "Шивээ овоо" компанид бус "Эрдэнэс МГЛ"-д өгсөн юм бэ?
-Уг нь хүсэлт гаргасан нь манай компани. Засгийн газрын хуралдаанаар ч энэ талаар хэлэлцсэн. Гэтэл яагаад "Эрдэнэс МГЛ" компанид өгсөн талаар тодруулсан. Ингэж тодруулахад "Тухайн үед Хятадын Засгийн газар Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн томоохон цахилгаан станц барих асуудлыг ярилцаж байсан юм. Энэ үед Монголын Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгө оруулах, лицензтэй байх асуудал байсан учир "Шинэ шивээ" компаниас авсан лицензийг "Шивээ-Овоо" компанид өгөлгүй, "Эрдэнэс МГЛ"-д өгсөн" гэж тайлбарласан. Харин одоо станц барих асуудал нь юу болж байгааг би сайн мэдэхгүй байна. Эхний ээлжинд "Эрдэнэс МГЛ" компанид байгаа лицензийг манайд өгөх асуудлыг хөндөнө. Дараа нь "Шинэ шивээ" компанид байгаа лицензийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
-Танай компани үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ. Түрээсийн талбай дээр ажлаа явуулахад хүндрэлтэй зүйл бий байх. Одоогийн байдлаар хэчнээн ажилчидтай вэ?
-Манай компани жилд нэг сая 700 мянган тонн нүүрс олборлон борлуулж байна. Энэ хэмжээ нь өнгөрсөн оны байдлаар Монголын дотооддоо хэрэглэж буй нүүрсний 28.3 хувь нь байгаа юм. Мөн "Шивээ-Овоо" компани Говьсүмбэр аймгийн төсвийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг.
Нийт 500 гаруй ажиллагсадтай. Моигол Улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 70 хувийг IV цахилгаан станц дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл манай компани IV цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 50 хувийг хангадаг. Хэрэв IV цахилгаан станцыг нүүрсээр хангаж чадахааргүй болбол уг станц ажиллаж чадахгүй болно. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байна.
-Энэ талаар цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлолгөөн өнгөрсөн сард болсон юм. Энэ үеэр лицензийн асуудал зөвхөн "Шивээ-Овоо" компанид бус Багануур, Адуунчулууны уурхайд байгаа талаар ярилцсан. Тиймээс зөвлөлгөөнөөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уг асуудлыг тавья гэж шийдвэрлэн, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт яамны удирдлага болон уурхайн дарга нар орсон байгаа. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгөх саналаа бэлтгэсэн.
-Ямар санал хүргүүлэх вэ?
-Юун түрүүнд лицензийн асуудлыг тавих болно. Энэ нь төрийн өмчит стратегийн орд бүхий газрын лицензийг ашиглаж буй хувийн компаниуд төрд буцааж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаад оршино. Мөн нүүрсний үнийн асуудал, ирэх оны төсөвт төвийн бүсийн уурхайг дэмжсэн хөрөнгө оруулалтыг тусгах талаар оруулж өгөх зэргийг тусгана.
-Та Багануур, Адуунчулууны нүүрсний ордын лиценз хууль бусаар өөр компанид шилжсэн тухай хэллээ. Ийм асуудалтай олон компани бий юү?
-Адуунчулууны уурхайн эргэн тойрных нь газрыг хувийн компаниуд авчихсан. Харин Багануурын уурхайн хувьд өөрийнх нь талбай дээр давхцуулаад авчихсан байгаа юм. Одоогийн байдлаар мэдэгдэж буй нь энэ гурван компани байна.
-"Шивээ-Овоо"-г "Шинэ шивээ" компанид олгосны ард У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар байгаа гэх яриа бий. Энэ талаар танд мэдсэн зүйл байна уу?
-Ийм яриа байдаг юм билээ. Би энэ талаар сайн мэдэхгүй. "Чи энэ асуудлын талаар битгий ярь" гэж яамнаас эсвэл улс төрийн хүрээнийхнээс надтай хэн ч яриагүй. Уг асуудал улам хурцдаад ирвэл энэ талаар над руу хэн нэгэн ярихыг үгүйсгэхгүй. Тэгэхээр ингэж ярьж буй хүн нь Шивээ-Овоогийн уурхайн лицензтэй холбоотой хүн гэж ойлгох болно.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Энхцэцэг
Сэтгэгдэл (1)