
Тарвага нүхнээсээ гардаг шиг хүмүүс газар доороос цухуйж их хотын нүргэлээнд замхран бэдчинэ. Аливаа хүмүүний сэтгэлийг уудалж зөв замд нь залах юм бол энэ хүмүүс эргээд газар дээр сайхан амьдрахын төлөө хичээх нь гарцаагүй юм. Гол нь тэдний хөлдсөн сэтгэл зүрхийг гэсгээж хат суулгах юм бол амьдралын эрч хүч эдгээр хүмүүст бий гэдэгтэй эргэлзэхгүй байна.
Миний нэг найз өмнөө явж байсан нэг өвгөнийг гэнэт унахад нь босготол “Ах нь нэг уначихаараа босч чаддаггүй юм. Баярлалаа хүү минь” хэмээн хоолой зангируулан хэлсэн гэдэг. Тэр хүн ноорхой хувцастай бидний нэрлэдэгээр траншейны хүн байж л дээ. Дараа нь найз минь “Ийм хүмүүст бид хэзээ ч хайр энэрэл илгээдэггүй юм байна. Дэмнээд босгоход л хоолой нь зангирч байгаа юм чинь тэр хүнтэй ярилцаж сэтгэлийг нь уудалбал их юм гарах байх даа” хэмээн хуучилж байсан. Үнэхээр бид тэднийг байнга л нүд үзүүрлэхээс биш хүн гэдэг утгаар нь хэзээ ч ханддаггүй. Ар гэрийнхэн нь хүртэл зугатааж аль болох өөрөөсөө холдуулна. Хэрэв тэднийг эхнээс нь нийгэм нь ч тэр, ар гэрийнхэн нь ч зөвөөр ойлгож, зөв замд нь залсан бол Монгол Улс юу гэж газар доорх хүн сүрэгтэй болох билээ дээ.
Муу муухайн бүхний эхлэл хэмээн бусдад адлагдах траншейны хүмүүс баян айлын нохойноос хэд дахин дор орчинд амьдарч байна. Тэдэнд хэвтэх хэвтэр, өмсөх дулаан хувцас, идэх хоол гэж алга. Амь сөрөн инженерийн шугам сүлжээний худгуудад өвлийн хүйтнийг өнгөрөөн зуны улиралтай золгоно. Инженерийн шугам сүлжээний худгууд олон ч хүнийг түлж алтан амийг нь авч одсон. Тэдний араас хэн ч эмгэнэж гашуудахгүй нь харамсалтай. Муу юм үхэж дээ гэж хүлээж авахаас биш хөөрхийдөө хэмээн халаглах хүн ховор. Ийм л хатуу нийгэмд бид амьдарч байна. Өнөөх монгол хүний мөс чанар хаана явна вэ. Төр засаг нь эдгээр хүмүүсийг хүний тооноос хасчихсан. Бүх юм нь төрийн данснаас хасагдсан амьдаараа “булшлагдсан” эдгээр хүмүүсийн ирээдүй үнэхээр бүрхэг байна. Гэмт хэргийн уул уурхай хэмээн бурууг тохохдоо сайн хэрнээ энэ хүмүүсээ яаж нийгэмшүүлэх вэ гэдгээ төр засаг умартдаг нь харамсалтай. Эдгээр хүмүүсийг өмөөрөх гэж би энэ сэдвийг хөндөөгүй юм. Монгол хүний уужуу сэтгэлээр цус нэгтэй ахан дүүсээ газар доороос газар дээр амьдруулах юмсан гэсэн үүднээс үзэг цаас нийлүүллээ. Үнэхээр энэ хүмүүс сэтгэлдээ хөл алдаж хэдэн удаа унаа бол. Гудамжинд гуйлга гуйх хэн нэгэнд монголчууд мөнгө шидэж өгдөг ёсон хаана байна. Тэр хүмүүст тийм харгис хандаж байхад бидэнд эргээд өс санах нь мэдээж. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Газар доорх хүн сүрэгт жаахан л сэтгэлийн дэм хайрлан дэмнээд өгвөл хөл дээр зогсох байлгүй дээ тэд. Төр засаг хүнээ малаасаа дорд үздэг цаг хэзээ алсрах юм бол оо. Энэ цагийг хүн бүхэн хүлээж сууна.
Б.Аяз
Сэтгэгдэл (3)