
Өнөөдөр мэргэжлийн уртын дуучин бэлтгэдэг цөөхөн сургууль байдгаас СУИС гол байр суурийг эзэлнэ. Үүнээс гадна Соёлын дээд, Хөгжим бүжгийн коллежид мэргэжил болгон суралцуулдаг. Зууны манлай уртын дууч Норовбанзад 1990 он гараад СУИС-д уртын дууны тэнхимийг байгуулж, монголыг тодотгох энэ урлагийг авч үлдэх боломжийг нээжээ. Ардчилал гарч, үндэсний ухамсар сэргэж байсан тэр үед маш цөөхөн уртын дууч тэнхимээр төгсч гардаг байсан бол энэ жил 20 гаруй оюутан төгсөх шалгалтандаа бэлтгэж байна. Уртын дууны талаар эргэцүүлэхдээ хамгийн түрүүнд энэ сургуулийг зорьсон юм. Шалгалтандаа бэлтгэж буй оюутнуудтай хэдэн хором ярилцлаа.
Уртын дуучны мэргэжлийг ардын урлагаа гэх сэтгэлээр сонгож авсан нэг нь байхад цаашид ажиллана гэсэн зорилготой нь бас байна. Гэхдээ төгсөөд гарахад ажлын байр байдаггүй гэж тэд хэллээ. Тэд уртын дуугаа эстрад, зохиолын дууны дэргэд сонгодог урлаг гэж ойлгодог. Студид бичүүлээд санаа амарчихгүй, хаана ч явсан амьдаар, танхимыг цангинуулж дуулдаг учраас тэр. Бусад жанрын дуучид тоглолт, хурим найранд очиж “халтуур” хийдэг бол уртын дуучдыг ч бас урих нь элбэг болжээ. Гэхдээ тэдний дэргэд уртын дуучид ам барьж халтуурдах эрхгүй байдаг ч дахиулж дуулуулах тохиолдол хэзээ ч гардаггүй аж. Энд л монголчууд уртын дуундаа хэр үнэлэмжтэй, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл тодорно. Тэдний батлан ярьснаар гэртээ байхдаа уртын дууг хэн ч тоож анзаардаггүй хэрнээ хил давж харьд оччихоороо энэ дуугаа л сонсож эрхгүй нулимс унагадаг гэнэ. Энэ жил СУИС-ийн Уртын дууны тэнхимээс 20 гаруй залуу уран бүтээлч диплом өвөртлөн гарч дэлхийд Монголыг дархлах их үйлсэд хувь нэмрээ оруулна. Тэд жилдээ 12 дуу дуулж сурах ёстой бөгөөд сургалтын таван жилд 60 гаруй дууны урын сантай болдог. Гэхдээ өөрсдөө хичээвэл илүү олон дуу сурчих боломжтой гэнэ.

Монгол түмний соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөж үлдсэн 100 хүний жагсаалтыг 2003 онд, 2010 онд Боловсрол, соёлын сайдын тушаалаар баталжээ. Тэдний дунд уртын дууг өвлөж үлдсэн 14 хүнийг бүртгэсэн байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ тэргүүтэй эдгээр хүн бүгд ахмад настан. Засгийн газраас тэдний ур чадварыг үнэлж, соёлын үнэт зүйлийг өвлөж үлдсэн гэдгийг албан ёсоор баталж гэрчилгээ олгожээ. Мөн хүн тус бүрт урамшуулал болгож 200 мянган төгрөг нэг удаа өгсөн гэнэ. Цаашид мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байгаа бөгөөд хүн бүрээс гарын шавиа бэлдэхийг хүсчээ. Ийм байдлаар уртын дууг хамгаалах ажил өрнөж байна. Өндөр ур чадвар эдгээр дуучинд нийтдээ гурван сая хүрэхгүй төгрөг урамшуулал болгожээ. Ардын урлаг, уртын дуунд бид ингэж ханддаг нь урлагийн даяаршил гэх зүйлтэй яах аргагүй холбогдоно. Гэтэл дэлхий даяар сонгож үздэг дуурийн дуучинд ямар хэмжээний шагнал дагалдаж ирдэг билээ дээ. Юуг өөд нь татна тэр л өөдөө манддаг. Монголын дуурийн дуулаачид олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ дуурь дуулаачдад бус урлагт хандах монголчуудын хандлагад л бүх шалтгаан оршино. Дэлхийтэй адил байх, дэлхий нийтийн эд зүйлийг ууж идэх, эдэлж хэрэглэх, дуулж сонсох гэсэн утга учиргүй хүсэл шуналын дэргэд ардын урлаг чимээгүйхэн орхигдож байгаа.
Гэтэл бидний үл тоож, үзэж тэвчишгүй уртын дууг дэлхий даяар гайхан шагшдаг нь хачирхалтай. Өвөртөө байгаа баялгийг орхиод өрөөлийн гоё ганганд үргэлж шунадаг тийм л муухай зан монголынх болж төлөвшчээ. Энэ зангаа хаяад, урлагийг харах хандлагаа өөрчилвөл уртын дуу маань сэргээд л ирнэ. Европын дуурийн тайзнаас, НҮБ-ын танхимаас уртын дуугаа уянгалуулахад тэр орон зай багаддаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Уудам тал, уужим амьсгаа, ур чадвар гурвын хослолоор төрөн гарсан уртын дуу умгар өрөөнд багтахгүй байх нь аргагүй. Тийм ч учраас уртын дуучин хөдөө нутгаас л төрнө гэж одоогийн уртын дуулаачид хэлдэг биз ээ. А.Алимаагийн хэлснээр малчин ахуй алдагдах тусам уртын дуу улам хумигдах гэнэ. Ахуй орчноос гарсан энэ урлаг ахуй нь үгүй болвол устахаас өөр замгүй аж. Хурим найр хийхдээ уул талаар цуурайттал дуулдаг байсан бол өнөөдөр умгар өрөөнд л дуулалдах болж. Хонь малаа эргүүлэхийн тулд цээж дүүрэн амьсгаа авч гуугалдаг байсан бол одоо тийм шаардлага алга. Холоос нэг нэгэндээ хашгирч ярих тохиолдол гардаг бол өнөөдөр гар утас гээчийг ашиглаж, хялбарчилж байна. Дандаа цэвэр агаараар цээжээ дүүргэдэг байсан бол суурин газрын бохирдол дунд тийм бололцоо гарах нь ховор. Энэ бүхнээс шалтгаалж уртын дууны цар хүрээ улам л багасч байна. Гэхдээ бидэнд гарах гарц бий.

Мөн уртын дууг гаргууд сайн эзэмшсэн авьяас билэгтнүүдээ улам сайн урамшуулан, цалинжуулж энэ соёлоо өвлүүлэх ажлыг эрчимжүүлвэл өнөөдрийг хүртэл орхигдоогүй байгаа малчин ахуйгаас уртын дууг дэлхийд цуурайтуулах нэгэн төрөх нь дамжиггүй. Судлаач А.Алимаагийн хэлснээр Өвөрмонголд уртын дуу мэддэг хэд хэдэн хүнийг бодитойгоор дэмжиж, сургалт зохион байгуулж байна. Муж, орон нутагт уртын дуучныг ажиллуулах сургалтын танхимтай болгож, сар бүр 5000 юаний цалин өгдөг гэнэ. Мядагмаа гэх дуучинд орон байр ч барьж өгчээ. Гэтэл манай улсын хөдөө суманд дуу заах ганц өрөө гаргаад өгөхгүй байгаа нь харамсалтай.
Дуучдад орон нутагтаа сургалт хийх боломж гаргаж чадахгүй байлаа гэхэд уртын дууг мэргэжлээрээ сонгож, сурч буй оюутан залууст хичээл заах боломжийг хангах хэрэгтэй гэнэ. СУИС-ийн багш, удирдлагууд орон нутагт байгаа уртын дуу өвлөгчдөд урилга илгээж олон төрлийн дуу мэддэг уран бүтээлчдийг төрүүлэх шаардлагатай. Эс тэгвэл бүгд Норовбанзад шиг дуулдаг болж уртын дуу бас нэгэн мөхөл рүү орох аж. Уртын дууны хэл аялга, аялгуу эгшиг нь нутаг нутагт өөр байдаг бөгөөд одоо бидний сонсож байгаа дууны дийлэнх нь халх, боржигон дуу гэнэ. Гэтэл Буриад, Халимаг, Тува, Баянбараатын гээд уртын дууны төрөл маш олон. Энэ олон төрлийг зэрэг өвлүүлэхгүй бол цаашид ганцхан халх аялгуугаар уртын дууг төлөөлүүлж болшгүй ажээ.
Түүнчлэн уртын дуулаачдын уралдаан тэмцээнийг олон удаа зохион байгуулж, олон нийтэд сурталчлах ажил чухал. Мэргэжлийн дуучид, энгийн олон нийтийн дунд уртын дууг таниулвал монголоо гэх сэтгэлгээ ч түүнийг даган хөгжинө. Гүн ухаан, гүнзгий утга агуулгатай уртын дууны ард домог, үлгэр байдаг. Дуу бүхэн “Зээ” гэж эхэлж “Жаргая аа” хэмээн төгсдөг. Жаргалтай сайхан болгоныг өгүүлж, магтан дуулсан шинжтэй байдаг. Энэ дашрамд амны билгээс ашдын билэг хэмээх үг эрхгүй бодогдоно. Гэтэл орчин үеийн олон урсгалт, ашгийн төлөөх дууны дотор хар бараан, гуниг хагацал, гадаад хэллэг, хараалын үг хүртэл оруулсан байдаг нь Монголоо алдах гээчийг сануулах аж.
Хөгжлийн хурдан галт тэргэнд чирэгдэж урагш тэмүүлэх их эрчиндээ уртын дуугаа гээчихвэл бид Монгол гэх нэг нэрнээсээ сугарч гарч байгаа хэрэг. Залуусын дунд уртын дуу мэдэх бүү хэл бүтэн нэрийг нь санаж байгаа хүн цөөхөн байна. Бид уртын дуугаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, одоо дараагийн алхмыг хийх цаг иржээ. Тэгвэл монгол иргэнийг батлах үнэмлэх болгож хүн бүр нэг уртын дуу сурвал ямар вэ, элэг нэгтнүүд ээ!
24tsag.mn
Сэтгэгдэл (2)