
Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы төв Хөх хотноо докторантурт суралцах хугацаандаа Монгол улсын нутаг дэвсгэр дэх Хятаны үеийн хот суурингуудыг Хятад, Өвөр Монголын нутаг дахь мөн үеийн хот балгадтай харьцуулан судалж нийтлэг онцлогийг тодруулсан нь мэргэжлийн эрдэмтдээс өндөр үнэлэлт авсан юм.
До.Болдхуяг эрдмийн ажилдаа хятад эрдэмтдийн судалгааны олон арван ном бүтээл, түүхэн сурвалжуудыг ашигласан нь Монгол улс дахь Хятан судлал, хот суурины археологийн судалгаанд зохих ач холбогдолтой ажил болсныг түүний удирдагч багш, ӨМИС-ийн профессор Буяндэлгэр онцоллоо. До.Болдхуягийн эрдмийн ажлын Монгол талын удирдагч багш нь МУИС-ийн археологийн тэнхимийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат юм.
До.Болдхуяг Монгол улсын ШУА-ын Археологийн хүрээлэнд ажиллаж байхдаа Хархорум хотын малтлага судалгааны ажилд оролцсон ажээ. Мөн тэрээр ӨМИС-д докторантурт суралцаж байх хугацаандаа Өвөр Монголын зохиолч яруу найрагчдын 10 гаруй номыг кирилл бичиг рүү хөрвүүлж хоёр орны соёлын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсны зэрэгцээ “Болор цом”-ын эздийн дундаас төрсөн анхны доктор болж байгаараа онцлог юм.
24tsag.mn