Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үл таних этгээдүүд насанд хүрээгүй охинд тариа хийсэн хэмээн хэвлэлээр цацагдсан билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 13-нд Толгойтын 128-47 тоотод оршин суух О-г гэрээсээ гарах үед үл таних 2 залуу түүний үерхдэг найз болох Баярсайханы ах байна уулзая гэж дагуулж явсан байна. Тэгээд гэрээс нь баруун хойш байрлах гудамжинд аваачиж заналхийлэн улаан өнгийн шингэн зүйл хийсэн тариур гаргаж баруун булчин тус газарт нь тарьж, айлган сүрдүүлжээ. Тиймээс гэрийнхэн нь яаралтай түргэн тусламжийн 103 дуудаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж эмнэлэгийн анхны үзлэгт оруулсан байна. Гэвч үзлэгээр О-гийн биед ямар нэг ил харагдах шарх гэмтэлгүй, баруун гарын булчинд тариа тариулсан гэх боловч уг газарт тариурын зүүны ором байхгүй байсан аж. Тиймээс Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний үндэсний төвд биохимийн шинжилгээ хийлгэж, Наркологийн төв зэрэгт үзүүлсэн байна. Мөн гэрт нь шалгалт хийж, Неровекс гэсэн бичиг бүхий эм хэрэглэх заавар, Неробекс, Ципринол гэсэн бичигтэй эм, Метронизадол гэсэн бичигтэй тарианы хайрцаг, бортгон шил, систем, гурван граммын нэг ширхэг хэрэглэсэн, зургаан граммын гурван ширхэг хэрэглэсэн тариур, Ампицилин гэсэн бичигтэй тарианы гурван ширхэг шил, цус мэт цэгэн толбоор бохирлогдсон хөвөн новкайны гурван ширхэг хоосон шил, аспирин 100 гэсэн бичигтэй эмнүүд, түүний хэрэглэж байсан I Рhone маркын гар утас, INQ маркын гар утас зэргийг хураан авчээ. Эдгээр хурааж авсан тариа, тариур, цус мэт цэгэн толбоор бохирлогдсон хөвөн, эм зэрэг нь бэр эгчийнх нь эмчилгээнд хэрэглэгдэж байсан зүйлс болох нь тогтоогдсон байна. Тиймээс уг мэдээллийн мөрөөр шалгахыг Улсын Ерөнхий Прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт үүрэг өгчээ. Түүний биед учирсан гэмтэл байгаа эсэх, тариулсан эсэх, ямар нэг бодисын үйлчлэлээр хордсон эсэхийг тодруулах, Шүүх эмнэлэгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоол хүргүүлээд байгаа аж.
Б.Чимэг