Парламентат суудалтай цөөнхийн төлөөлөл болсон ИЗН болон Ногоон нам нэгдэхээр өргөдөл гаргасан ч Улсын дээд шүүх одоо хүртэл бүртгээгүй байна. Сонгууль болоход цөөхөн сар үлдээд байгаа тул хэрэв Улсын дээд шүүх ИЗНН-ыг бүртгэхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах талаар ИЗН-ын дарга С.Оюунаас тодрууллаа.
- Улсын дээд шүүх бүртгэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм уу?
- ИЗНН-ыг бүртгэхгүй гэсэн шийдвэр Улсын дээд шүүх гаргасан. Үүнийг бид хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхэд бид гомдол гаргасан. Улс төрийн намын жагсаалатанд гурав дугаарт бичигддэг Ногоон нам сонгуульд орж чадах уу, үгүй юу гэдэг бидний гомдол, маргаан яаж шийдэгдэх вэ гэдгээс шалтгаална. Миний харж байгаагаар энэ маргаан сонгууль хүртэл үргэлжлэх байх. Тиймээс бид маргалдаад сууж байхаар нэгэнт дотроо шийдвэрээ гаргачихсан юм чинь улс төрийн хувьд цаг алдаад хэрэггүй гэж бодож байгаа. Бидэнд одоохондоо ийм л гарц харагдаж байна.
- ИЗНН-ыг бүртгээгүй байгаа шүү дээ?
- Тийм учраас экс Ногоон намын дарга Н.Энхбат гишүүдийнхээ хамт ИЗН-ын гишүүн болж элсэхээр болоод байна. Бид удахгүй он гараад намынхаа Их хурлыг хийнэ. Н.Энхбатыг дагаад тэдний намын гишүүдийн 80 гаруй хувь нь манайхтай нэгдэх байх. Ер нь бүтэц, бүрэлдэхүүн, сонгуулийн талаар намын хурлаар хэлэлцэж, санал хурааж байж шийднэ. Намынхаа нэрийг ИЗНН болгож өөрчлөх талаар ч яригдаж байна.
- Хоёр нам нэгдэж байгаа болохоор хэн нь намын дарга болох вэ гэдэг асуудал бас гарч ирэх байх?
- Намын даргаар Д.Энхбатыг дэвшүүлье гэсэн санал гаргаад байгаа. Хөндлөнгөөс өөр хүмүүс ч нэр дэвшиж магад. Тухайн нам өөрийнхөө гишүүнээр элссэн хүнийг даргаа болгоё, бүтцээ өөрчилье гэж байхаад Улсын дээд шүүх арай хориглохгүй байлгүй дээ. Уг нь анх тохирсноороо л явмаар байна.
- Олон нийт танаар л ИЗН-ыг мэддэг шүү дээ. Даргаа сольчихоор сонгуулийн үр дүнд нөлөөлөх болов уу?
- Д.Энхбат бас чадалтай, мундаг улстөрч шүү дээ. Ер нь намын даргыг нэг хүн олон жил хийнэ гэдэг олигтой зүйл биш.
- Одоо хэлэлцээд баталж байгаа Сонгуулийн тухай хууль таны бодлоор хэр үр дүнтэй болсон бэ? Ялангуяа сонгуулийн тогтолцооны хувьд?
- Сонгуулийн системд олигтой шинэчлэл болж чадсангүй. Одоо 76 суудлын гуравны нэг нь л пропорционалиар сонгогдох болоод байгаа. Энэ бол тийм олигтой, бахархаад байх шинэчлэл биш. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр ядаж пропорциональ элемент орж байгаа нь дэвшил л дээ. Дараа дараагийн сонгуулиар пропорциональ системийн хувь нь нэмэгдэж, ядаж 50:50 харьцаатай болох байх гэж найдаж байна. Тэгж байж сонгуульд мөнгөний хүчин зүйлийг багасгаж, эмэгтэйчүүд нь чадлаараа гарч ирдэг болно. Одоогийнх шиг тойргоо өмчилсөн мөнгөтэй эрчүүдийн тоглоом биш бодлогоороо өрсөлдөж гардаг болмоор байх юм. Манайх өнгөц харахад олон намын тогтолцоотой ардчилан улс. Үнэндээ зөвхөн мөнгөтэй эрчүүд л сонгуульд орох боломжтой хуулийн заалт ороод ирлээ шүү дээ. УИХ-д нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг төлнө, дахиад тойрогтоо хэдэн зуун саяыг зарцуулж байж гардаг. Ингээд байвал жирийн багш, хуульч мэргэжилтэй хүмүүс, чадалтай эмэгтэйчүүд, бие даагчид гарах боломжгүй болно. Энэ бол хамгийн аюултай үзэгдэл. Бидний тоо л цөөдөөд байна даа. Социализмийн үед зэвсгээр баахан хөөцөлддөг байсан шиг одоо мөнгөөр хөөцөлддөг болсон шүү дээ.
- Сонгуулийн өмнө шилдэг 50 эмэгтэйг тодруулах гэж байна. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоож байгаа нь бас нэг дэвшил гэдэгтэй санал нэгдэх үү?
- Эмэгтэйчүүдийг дэмжиж, нийгэмд таниулах нь зөв. Квот тогтооно гээд байх юм, тэгээд УИХ-д ажиллаж чадах эмэгтэйчүүд байгаа юм уу гэж асуугаад байдаг. Шилдэг эмэгтэйчүүдийг нэрлэж байгааг би хувьдаа дэмжиж байна. УИХ-д гарсан хэд нь л хэвлэлээр гараад байдаг болохоос чадалтай эмэгтэйчүүд олон байгаа. Хамгийн гол нь тэр шалгаруулалт нь мөнгөөр биш, шударгаар тодруулаасай гэж хүсч байна.
- Ногоон намтай нэгдвэл эмэгтэйчүүдийг дэмждэг бодлогодоо өөрчлөлт оруулах уу?
- ИЗН бол анх удаа намынхаа дүрмэнд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотт оруулсан нам. Харин Ногоон намд бол бүр 50 хувь байдаг юм билээ. Удахгүй болох хурлаар энэ асуудлыг бас хэлэлцэнэ.
- Парламентад суудалгүй нам, иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтарч гаргасан Сонгуулийн хуулийн тухай төсөл юу болж байгаа вэ?
- Би тэр ажлын хэсэгт нь ороогүй. Гэхдээ хоёр дугаар хэлэлцүүлэгтээ орчихсон байгаа болохоор нэлээн дөхчихсөн байх аа. Энэ 76 гишүүнийг нэг томсгосон тойргоос сонгоно гэсэн хувилбарыг өмнө нь Д.Лүндээжанцан гишүүнтэй хамтарч өргөн барьж байсан л даа. З.Алтай гишүүн энэ талаар сайн мэдэх байх.
Б.Баяр