Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгт 293 км зам байгуулахад
шаардлагатай хөрөнгө оруулалт хийх гэрээг Сангийн яам, Азийн хөгжлийн
банк өнөөдөр үзэглэлээ. Азийн авто замын сүлжээнд холбогдсон Чойр-Замын
үүд чиглэлийн 432 км, Ховдын Ярантаас Улаанбайшинт хүртэлх 731 км зам
байгуулахад дээрх замын хөрөнгө оруулалт дутсан байсан юм.

Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгт 293 км зам байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх гэрээг Сангийн яам, Азийн хөгжлийн банк өнөөдөр үзэглэлээ. Азийн авто замын сүлжээнд холбогдсон Чойр-Замын үүд чиглэлийн 432 км, Ховдын Ярантаас Улаанбайшинт хүртэлх 731 км зам байгуулахад дээрх замын хөрөнгө оруулалт дутсан байсан юм. Тиймээс АХБ-наас 170 сая ам.доллар, Монголын Засгийн газраас 92 сая ам.долларыг гурван үе шаттайгаар хөрөнгө оруулалтад зарцуулах гэнэ. Уг ажлын хүрээнд 293 км замаас гадна бүрэн тоноглогдсон засвар арчлалтын гурван төв, орон нутгийн 34.9 км зам, гурван гүүрний байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
"Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны суурин төлөөлөг Роберт Гоэлхаммер нар гарын үсэг зурсан юм. Сангийн сайд хэлэхдээ "Энэ замыг барьснаар ОХУ, БНХАУ манай улсаар автомашинаар дамжин өнгөрөх боломжтой болно. Мөн ачаа тээвэрлэлтийг хялбар хийх, бүс нутгийг хөгжүүлэх аюулгүй авто замтай болох юм" гэлээ. АХБ-наас уг санхүүжилтийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл зэрэг холимог эх үүсвэрээр бүрдүүлж байгаа юм.
Б.Ганбилэг