Манай улс Азийн авто замын сүлжээнд 2004 онд нэгдэн орсон. Энэ ажлынхаа хүрээнд Чойр-Замын Үүд чиглэлийн 432 км, Ховдын Ярантаас Улаанбайшинт чиглэлийн 731 км авто замыг барьж байгаа билээ. Харин өнөөдөр "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Роберт Гоэлхаммер нар гарын үсэг зурлаа. Баруун бүсийн авто замыг барьж дуусгахад хөрөнгө оруулалт дутсан учир ийнхүү АХБ-тай хамтран ажиллахаар болсон байна. Тус хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг АХБ-ны 170 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 92 сая ам.долларын хөрөнгөөр гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийн хүрээнд нийт 293 км хатуу хучилттай авто зам, гурван гүүрний барилгын ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Т.Хулан