Өнгөрсөн сард манай улсын хоёр оюутан БНХАУ-д хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан талаар мэдээлсэн билээ. Оюутнууд 500 граммаас дээш хэмжээний хар тамхи буюу мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан юм. Тэдэнд БНХАУ-ын хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд биедээ болон ачаа тээшиндээ хар тамхи, мансууруулах бодисыг нууцаар улсын хил нэвтрүүлэхийг завдах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа аж. Энэ оны байдлаар Монгол Улсын арав гаруй иргэн хар тамхи хил давуулахаар завдаж, гадаад орнуудын хууль хяналтын байгууллагад шалгагдан байцаагдаж, цагдан хоригджээ. Иймээс Гадаад харилцааны яамнаас гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх, их хэмжээний мөнгө амласан этгээдээс зайлсхийж, бусдын нөлөөнд автахгүй байх, тухайн орны хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөхийг анхааруулж байна. Мөн эцэг, эхчүүд гадаадад зорчиж, суралцаж, ажиллаж амьдарч байгаа хүүхдүүддээ онцгой сэрэмжлүүлжээ. Учир нь хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын үндэстэн дамнасан хууль бус гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ялын дээд хэмжээ оноодог хуулийн заалттай юм.
Б.Чимэг