Энэ оны тав дугаар сард байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн Банк өнөөдөр олон улсын зэх зээл дээр 600 сая долларын өрийн бичиг гаргах боллоо. Дэлхийн санхүүгийн зах зээл хүндхэн байгаа ч долоон хувийн хүүтэй өрийн бичгийг гаргаж чадсан нь амжилт гэж Засгийн газар үзэж байгаа юм. Энэ 600 сая долларыг хэд хэдэн үе шаттайгаар Сингапурын хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөжээ. Цаашид Хонконг, Нью-Йорк, Лондонгийн хөрөнгийн биржээр ч арилжаалах боломжтой болох гэнэ. Эхний ээлжинд 20 сая ам долларын бонд гаргахаар болсон бөгөөд үүнээс олсон орлогыг төмөр замыг сайжруулах ажилд хөрөнгө оруулах юм байна.
Үйл ажиллагаа нь удаан байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан Хөгжлийн банк Нидерландын “ING”, Германы “Deutsche”, Лондонд хотод төвтэй “HSBG” зэрэг банкуудтай хамтарч энэ дунд хугацааны бонд гаргах ажлыг хийж байгаа юм. Монгол улс гаднаас зөвхөн зээл, тусламж авдаг биш, бонд гаргадаг болж байгаа нь Монголын хөгжилд том түлхэц болно гэж Засгийн газрын зүгээс мэдэгдсэн. Энэ нь мөн дотоодын банкууд зээлийн хүүгээ бууруулахад чухал нөлөөлтэй гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ. Хэрэв энэ 600 сая долларын бондыг Ази болон Европын зах зээл дээр борлуулж чадвал энэ хавраас Сайн шандын аж үйлдвэрийн цогцолбор гэх зэрэг барилга, бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон төсөлд хөрөнгө оруулах юм. Өнөөдөр баталсан таван талт гэрээнд ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жон Жин, “IMG” банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ховард Ламберт нар гарын үсэг зурлаа.
Б.Баяр