Кино театруудын танхим хүнээр дүүрч, цагийн хувиар нь шинэхэн киногоор тасрахаа больсон Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байна гэж өнгөц харж болох юм. Гэсэн ч уран бүтээлчид, киночдын хүрээнд шийдэх ёстой олон асуудал байдаг аж. Өчигдөр болсон Кино уран бүтээлчдийн анхдугаар зөвлөгөөнд кино уран бүтээлч, судлаач, шүүмжлэгч, төрийн албаныхан гээд 300 гаруй хүн оролцож санал, бодлоо солилцсон юм. Энд Монголын кино урлагийн өнөө цагийн сор гэгдэх жүжигчин, зохиолч, найруулагч, зураглаачид цугласан байлаа.
Сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнх
- Өнөөдрийн зөвөлгөөнөөс кино урлагт хэрэг болохуйц ямар шийдвэр гараасай гэж хүсч байна вэ?
- Надад бодогдож буй нэг зүйл байна. Харамсаж байгаа ч юм уу. Ирэх оны төсөв өчигдөр батлагдчихсан. Тэгээд одоо энд юу яриад байгаа юм. Төсөв батлагдчихсан байхад засаг төрөөс мөнгө гуйна гэж юу яриад байгаа юм. Хоёрдугаарт энэ засаг төр чинь хэдэн сарын настай билээ. Зургаан сарын дараа байхгүй болно биз дээ. Гэхдээ яахав өөрсдөө зохион байгуулалтанд ороод байгууллага ч юм уу, төлөөлөлтэй болчихвол зургаан сарын дараа дараагийн засгийн газарт ярьж болох байх л даа. Өнөөдөр би “Монголын кино консул” байгуулъя гэсэн саналыг тавих гэж байна. Миний илтгэлийн дараа хүмүүс хөдлөж эхлэх байх гэж бодож байна.
СГЗ, Г.Золжаргал: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ Монгол кино бүтээхэд төрийн оролцоо үнэхээр хэрэгтэй байна
- Монголын кино урлагийг өнөөдрийнхөөс илүү хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
- Энэ зөвөлгөөнөөр тодорхой нэг шийдэлд хүрч чадах болов уу? Зөвөлгөөн болсон өдрөө л олон жил бодож санасан зүйлээ яриад л өнгөрөх байх. Монголын төрийн сонорт, Засгийн газрын хараанд кино урлагаа өртүүлж, ойлгуулах гэж, ойлгуулсаныхаа дараа тодорхой нэг шийдвэр гаргуулах гэж бид хуралдаж байна. Нэг удаагийн зөвөлгөөнөөр бүх зүйл шийдэгдэхгүй байх. Ер нь сонин хэвлэлүүд хүмүүсийн ярьсан хэлсэн зүйлүүдийг мэдээллийн хэрэгслээр нийгэмд хүргэж байж нааштай шийдвэр гарах байх шүү. Манай төрийн тэргүүн, сайд нар ажил ихтэй байдаг. Нээлтэнд үг хэлчихээд яваад өглөө шүү дээ. Хүсч шаардаад байгаа зүйлээ чинээнд нь тултал хүргэе гэх юм бол нэлээн хэдэн сар, жилийн ажил болох байх. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадахаар байна. Кино бол хийгддэгээрээ хийгдэнэ. Залуучууд киногоо хийгээд явах байх. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний жинхэнэ монгол кино хийхэд үнэхээр төрийн оролцоо хэрэгтэй байна. Миний тооцоолсоноор бараг хоёр жилийн ажил гарцаагүй болох байх. Яг нэг завсарын үед энэ хурал болчихлоо.
- Монголын кино жинхэнэ уран бүтээл талаасаа хөгжиж байна уу?
- Кино теартай болчихлоо. Театрт нь кинонууд гарч байна. Кино үздэг үзэгчид нь байна уу байна. Гэхдээ энэ бол өнгөц тал нь шүү дээ. Жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ гэхээр кино хуультай болох ёстой. Мэргэжлийн бүх чиглэлээрээ олон улсын стандартад хүрэх болоогүй байна. Одоо зүгээр нэг партизанууд энд тэнд кино хийгээд явж байгаа юм. Кино бол хамтын уран бүтээл шүү дээ. Гэтэл энд хөгжмийн зохиолчид байхгүй байна. Зураачид, инженер техникийн ажилчид ч цөөхөн байх шиг байна. Үнэхээр киночид цуглаж байгаа юм бол Б.Шарав, Н.Жанцанноров нар хаана байна. Энд зөвхөн кинонд олон жил ажилласан хүмүүс болон кино хийх дуртай залуучууд ирсэн байна. Одоо бол өөрөө зохиолыг нь бичээд өөрөө киногоо найруулдаг үе ирсэн байна л даа. Гэхдээ юмыг шүүмжлэх хэрэггүй ээ. Дөнгөж эхэлж байна. Давалгаа цааш хүрээгээ тэлнэ.
- Хурлын зохион байгуулалтын талаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм аа даа?
- Энэ хурал боломжийн хэмжээнд болчихлоо. Цаашлаад их хурлын танхимд хурал захиалаад урлагийн бүх салбар оролцсон том хурал зохион байгуулж болно шүү дээ. Бүх уран бүтээлчид оролцож байж бүрэн утгаараа кино урлаг хөл дээрээ босно. Болоогүй байна даа бас.
- Өнөөдөр ирсэн төр засгийн төлөөлөгч нар цаашид кино урлагийг дэмжинэ гэж хэлсэн үү?
- Ээ мэдэхгүй. Ёстой эргэлзэж байна. Ёслоод л өнгөрчих болсон. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сонгууль дөхөж байгаа болохоор тэдэнд хамаагүй юм биш үү. Ганц л үнэн юм байна. Монгол кинонд дуртай монголын ард түмэн байна. Кино урлагт зүтгэлтэй залуучууд байж л байна. Эрчээ алдахгүйгээр улам үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ойлгосон. Би телевизийн сурвалжлагч, сэтгүүлч хүн. Баримтат кино хийж байна. Тиймээс үүнийг сурталчилахын тулд дуугуй сууж ерөөсөө болохгүй юм байна гэж ойлгосон.
- Одоо та яг юу гэж дуугарч байна?
- Би бол зөвхөн баримтат кино хийж байна. Би бүхэл бүтэн кино ярихаасаа илүү баримтат киног яаж хөгжүүлэх вэ гэж ярьж байна. Үнэндээ баримтат киног энэ олон зар гарсан кинонуудтай адилхан театрт гаргаад мөнгө олно гэж байхгүй. Гэтэл хүн төрөлхтний түүх, кино урлаг баримтат киногүйгээр байж болохгүй. Тэгэхээр нэг хэсгийг барьж аваад тэмцэл гэдэг юм уу, санаачлага, идэвхи гэх юм уу өрнүүлэх ёстой гэж бодож байна. Дэлхийд баримтат кино нь уран сайхны киногоо бодвол илүү зах зээлтэй байдаг юм шүү дээ. Манайд тийм менежмент орж ирээгүй л байна. Баримтат киног төрөөс санхүүжүүлдэг. Баримтат кино бол хүн төрөлхтний цаг үеийн гол илэрхийлэл байдаг. 75 жилийн түүхтэй Монголын кино урлаг нийгэмд ямар үнэтэй зүйл үлдээсэн юм бэ гэвэл, өнгөрсөн үеийг кино хальсанаа буулгасан учраас хамгийн үнэтэй зүйлийг үлдээсэн байна шүү дээ. Жишээлбэл, Чингис хааны мориноосоо буугаад явж байгаа нэг минутын дүрс одоо байсан бол тэр ямар үнэ цэнэтэй байх байсан бол.
Кино нийгэмлэгийн тэргүүн Д.Золбаяр:
-Хуучны кино үйлдвэр шиг үйлдвэр байх ёстой юу? Эсвэл киноны зөвлөл гэж байх ёстой юу? Та юу гэж бодож байна?
- Өнөөдөр хувийн 500 гаруй видео студи байна. Энэ нь тооны талаасаа том үзүүлэлт юм. Гэхдээ яг киноны мэргэжлийн студи байхгүй байна. Тийм боломж ч байхгүй. Кино хийдэг техник хэрэгсэл маш үнэтэй. Хувийн студи хөгжөөд дэлхийн хэмжээний студи болоход хол байна. Тийм учраас монгол улсад кино үйлдвэрийг өргөжүүлэх хэрэгтэй. Ядаж мэргэжлийн зураг авах, монтажны гэрлийн техниктэй том байгууллагатай байх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Тэгээд кино уран бүтээлчид тэр техник хэрэгслийг нь түрээслэж киногоо хийдэг систем рүү шилжмээр байна.
- Баримтат киноны тухайд юу гэж хэлэх вэ?
“Түүхийн хүрд” гэдэг Монгол улсын түүхийг бичиж байгаа кино мэдээнд төрөөс жилд 120 сая төгрөг өгч байгаа. Үүнийг БСШУЯ-аас улсын комисс гаргаж шалгасан. Үүний дүнг одоо танилцуулах байх.
Т.Хулан