Өчигдөр Берлинд гардуулсан Европын кино академийн энэ оны шилдэг киноны шагналыг Данийн алдартай найруулагч Ларс фон Триер “түүв”. Европын “Оскар” гэгддэг энэ шагналын шалгаруулалт 24 дэхь жилдээ болж байгаа бөгөөд түүний энэ жил бүтээсэн Melancholia хэмээх кино шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг зураач гэсэн даруй гурван номинациар энэ шагналыг хүртжээ. “Галав юүлэх тухай сайхан кино” гэсэн тодотголтой энэ бүтээлд Дэлхий рүү ойртон ирж буй нэгэн гараг хүн төрөлхтөний амьдралыг нэгмөсөн мөхөөхөөр заналхийлж буй тухай өгүүлдэг байна.
Харин Ларс фон Триер өөрөө шагнал гардуулах ёслолд ирээгүй ажээ. Тэрбээр өнгөрсөн хаврын Каннын кино наадмын хэвлэлийн бага хурал дээр Гитлерт талтай маягийн үг хэлсэнээсээ болж нэлээд хэл аманд орооцолдсон юм. Үүнээсээ хойш фон Триер сэтгүүлчидтэй уулзах, олны өмнө гарахаасаа зайлсхийх болсон билээ.