,
“Хурд” хамтлаг 15 дахь бие даасан тоглолтоо “Best of Hurd” нэртэйгээр Уб паласын коцертын их танхимд тоглож дууслаа. “Амьдрал” тоглолтоос хойш дахин тоглоогүй байсан "Хурд-"ынхан алдсан гитаруудаа нөхөж авахаар уг тоглолтыг хийж байгаа билээ. Хоёр өдөр үргэлжилсэн тоглолтонд "Хурд"-ын бүх цаг үеийн шилдэгээр нэрлэгддэг 30 гаран дуу дуулагдсан юм. “Аавдаа” “Зураг шиг бүсгүй” “Цэргийн бодол” “Хайрын сарнай” гэх үе үеийн шилдэг дуунуудыг сонсогчид нь хамт дуулсан, гитарчин Д.Отгонбаяр гитарынхаа цохиурыг үзэгчид рүү шидсэн, хөгжимчид нь үзэгчидтэйгээ хамт бүжиглэсэн "Хурд"-ын тоглолт сайхан болж өнгөрсөн юм. “Best of Hurd” тоглолт урт үс уранхай жинс, акустик, уянгалаг тоглолт гэсэн гурван хэсгээс бүрдсэн байлаа. "Хурд"-ынхан эхний хоёр хэсэгтээ олны сонсох дуртай хит болсон дуунуудаа утсан болон банзан гитараар тоглосон бол сүүлийн хэсэгтээ өөрсдийн шинэ уран бүтээлээ цахилгаан хөгжмийн доргио хэмнэлийн хамтаар тоглосон. Концертын танхимын бүх суудал, эгнээг үзэгчид алхах зайгүй болтол битүү дүүргэсэн байлаа. Гурван цагийн турш дуулж бүжиглэж, сэтгэл нь хөөрсөн шүтэн бишрэгчид нь тоглолтыг дуусгах хүсэлгүй байгаагаа "Хурд"-ынханыг хоёр дахин тайзнаа гаргаж ирж дуулуулсанаас нь мэдэгдэж байсан юм. "Best of Hurd" тоглолт удахгүй хөдөө орон нутгаар үргэлжилнэ.
Т.Хулан