Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарт иж бүрэн өөрчлөлт хийхээр шийдвэр гарган ажиллаж байгаа. Тэрээр Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтрүүлж, төрийн өмчийн их дээд сургуулийг нэгтгэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү хотхоноо Налайхын ойролцоо “Шивээтийн хөндий” хэмээх газар байгуулахаар болсон. Бүр Хотхон байгуулахын өмнөх захиргаа гэдэг байгууллагыг ч байгуулсан. Гэтэл энэхүү байгууллага нь одоо болтол дорвитой ажил хийсэнгүй. Хотхон байгуулах шийдвэр гараад жил гаруй болсон ч ганц ч шон боссонгүй. Учир нь хотхон байгуулахаар сонгосон газрын ойролцоо нь ураны орд илэрсэн, “Шивээтийн хөндий” гэх газар нь мөнх цэвдэгтэй гэдэг шалтгаанаар асуудал гацаанд оржээ. Нөхцөл байдал ийм болчихоод байхад одоо болтол Хотхон байгуулахын өмнөх захиргаа гэдэг газар нь ямар ч асуудал танилцуулахгүй, арга хэмжээ авахгүй байгаад бухимдсан ерөнхий сайд эдгээр хүмүүстэй хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Үүгээр зогсохгүй асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгсөн сурагтай. Ийнхүү оюутны хотхон байгуулах асуудал гацаанд орчихжээ.