Таван толгойн ордын эрх мэдлийг төвлөрүүлсэн “Эрдэнэс-Таван толгой” ХХК-ийг байгуулж бүх иргэдэд хувьцаа өгч эхэлсэн билээ. Энэхүү компанийг ирээдүйд Монголын хамгийн том компани болно гэж тооцоолж буй хүмүүс олон байна. Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой”-той зэрэгцүүлэн “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийг байгуулахаар ЭБЭХЯ, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагууд төсөл хийж байгаа гэнэ. Энэхүү “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн мэдэлд Оюу толгойн орд газрын төрийн мэдлийн 34 хувийг төвлөрүүлэх бололтой. Уг мэдээллийг сонссон зарим хүмүүс сонгуулиас өмнө ашигтай албан тушаал гаргаж, хэн нэгнийг тавихаар төлөвлөсөн ажил гэж тайлбарлах нь ч байна. Уг нь Оюутолгойн ордын 34 хувийг “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компани хариуцаж болоод байхад заавал тусад нь компани байгуулах гэж байгаа нь цаанаа тодорхой шалтгаантай байж мэдэх юм. Удахгүй энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх бололтой.