Сүүлийн үед УИХ-ын 39-р тогтоолоос болж ихээхэн маргаан үүсээд байна. Уг тогтоолоор бол Таван толгойн орд газрын 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр олгоно гэж заасан юм. Гэтэл уг тогтоолд өөрчлөлт оруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөхгүй, иргэдэд өгөх хувийг 20 болгож нэмэх санаачилгыг Д.Одбаяр, Я.Батсуурь тэргүүтэй гишүүд гаргасан. Энэ асуудлаас болоод УИХ-ын гишүүд хоёр хуваагдчихаад байна. Ихэнхи нь сонгууль дөхсөн учир ард түмэндээ “хайр зарлаад” иргэдэд өгөх үнэгүй хувьцааны тоог нэмэхийг дэмжиж байгаа. Харин цөөн гишүүд л эсрэг байр суурьтай байна. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үндэсний аж ахуйн нэгжүүдээ ад үзэхээ болих хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгнө гэсэн миний байр суурийг зарим хүмүүс гуйвуулж байна. Бараг л намайг компаниудаараа дамжуулан хувьцаа эзэмших гэж байгаа юм шиг ойлгоод байна. Нэг зүйлийг тодорхой хэлье. Миний хувьцаа эзэмшдэг компаниудын нэг нь ч Таван толгойн хувьцаанаас нэг ширхэг ч хувьцаа авахгүй. Та бүхэн шалгаад үзээрэй. Би бизнес эрхэлж байсан хүний хувьд үндэсний аж ахуйн нэгжүүддээ өгөхийг дэмжиж байна” гэж мэдэгдлээ. Энэ мэтээр хувийнхаа биш бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах гишүүд цөөн байна.