Засгийн газрын
ордны шуудангийн ажилчид сүүлийн хэдэн долоо хоног тун завгүй байна. Учир нь
Таван толгойн ордын үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгоно гэсэн хувьцааг иргэдэд өгөхөөр
яригдаж байгаад санаа зовсон компаниуд УИХ-ын гишүүдэд захидал илгээх болжээ. “Монгол
999” нэгдэлд багтдаг 2000 гаруй аж ахуйн нэгжүүд бүгд УИХ-ын гишүүн бүрд
захидал илгээж байгаа аж. Тиймээс одоогоор нэг гишүүнд 1000 гаруй захидал
ирчихээд байгаа юм. Энэ захидалууд нь компанийн нэр, тамга, гарын үсэг нь л өөр
болохоос доторхи агуулга нь яг адилхан гэнэ. Захидалд Таван толгойн 10 хувийн
хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгнө гэсэн амлалт, тогтоолоо өөрчлөхгүй
байхыг хүсчээ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд өөрт нь хаяглан ирсэн захидал бүрт
хариу өгөх ёстой байдаг. Тиймээс гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэг бүрчлэн хариу
өгөх үү, эсвэл нэгийг бичээд түүнийгээ хувилах уу гэдэг асуудал бас тулгарч байгаа.
Мэдээж үүнээс өмнө ямар хариу өгөх вэ гэдэг бүр толгойг нь өвтгөж байгаа аж.
Одоо дахиад 1000 захидал тэдэнд хаяглан ирэх тул он гартал УИХ-ын гишүүд “хайр”-ын
захиагаар тасрахгүй нь бололтой.