Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид театрынхаа 80 жилийн ойн хүрээнд Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны “Оролмаа эх” жүжгийг тайзнаа тавьсан. Тэгвэл “Оролмаа эх” жүжгийг энэ сарын 15-нд Улсын драмын эрдмийн театрт 19.00 цагт ганцхан удаа тоглохоор болжээ. Тус жүжгийн найруулагчаар Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж, УГЗ, зохиолч Ш.Гүрбазар эх зохиол дээр нь ажилласан байна. 34 дүртэй тус жүжигт драмын театрын бүх жүжигчид тоглосон нь нэгэн онцлог байсан. Оролмаад гавьяат жүжигчин С.Сарантуяа тоглохоор болжээ. Анх уг бүтээлийг 1973 онд УДЭТ-ын тайзнаа тавьж байсан бөгөөд тухайн үед Оролмаа эхийн дүрд Гавьяат жүжигчин Лха.Долгор тоглож байжээ. Мөн уг бүтээлийг 1980-аад оны дунд үе хүртэл тоглож байгаад завсарласан бөгөөд 30 жилийн дараа “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр сэргээн тавьсан аж.
Т.Хулан